/2021.10.22/ МУГЖ С.Жавхлантай холбоотой мэдээллийг ЦЕГ-аас өгч байна.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, "Энэ оны аравдугаар сарын 19-ны өдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж МУГЖ С.Жавхлан "Хамаг монгол" төслийг хэрэгжүүлнэ гэж Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг авсан гэсэн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан. Аравдугаар сарын 20-ны өдөр О.Отгонтөгс цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээж авч прокурорын байгууллагаар харьяалал тогтоолгосон. Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайд Б.Жавхлан болон бусад холбогдох албан тушаалтнаас мэдүүлэг авсан.
Үүний дараагаар МУГЖ С.Жавхлантай холбогдох гэж 11 удаа утсаар залгасан ч аваагүй. Энэ сарын 20, 21-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудсыг өгсөн боловч ирээгүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүллээ. Бас л хүлээж авсангүй. Хүлээж аваагүй нөхцөл байдлаа янз бүрээр тайлбарлаж байх шиг байна. Гэхдээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хамгийн гол нь хүмүүсийн яриад байгаа асуудалд өөрөө ирж тайлбар өгөөч гэж байгаа.
Хэрэв ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан мэдүүлэг өгүүлэхээс өөр арга байхгүй" гэв.