ТОКИО 2020: Тамирчид өрсөлдөгчдөө бус ковидод ялагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Тамирчид өрсөлдөгчдөө бус ковидод ялагдаж байна

/2021.07.22/: Чилийн таеквондоч Ф.Агирре коронавирусийн улмаас олимпдоо оролцож чадалгүй хасагдсан анхны тамирчин болсон. Харамсалтай нь түүнтэй нэгэн адил шалтгаанаар олимпийг орхих тамирчдын тоо нэмэгдсээр байна.

Оросын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпийг өнжихөөр болов. Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко түүнийг усанд сэлэгчдээс шинжилгээ нь эерэг гарсан цорын ганц тамирчин гэсэн байна. Уг нь тэрбээр Токиод медаль горилж очих тамирчдын нэг байв.

Түүнчлэн Их Британийн таваг буудлагын тамирчин, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Амбер Хилл коронавирусийн халдвартай нь батлагдсан тул Токиог зорихоосоо өмнө тусгаарлагдаж, олимпийг өнжихөөр болов. “Өчигдөр шинжилгээний хариу эерэг гарсны дараа би олимпийн наадамд оролцож чадахааргүй боллоо. Надад ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа ч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдах ёстой болж байна. Одоо бүх зүйлийг дахин эхлэхийн тулд хэсэг хугацаанд завсарлага авахаас аргагүй боллоо” хэмээн 23 настай мэргэн бууч бүсгүй инстаграмдаа бичжээ.

Европын наадмын аварга тэрбээр Токиод гарцаагүй медалийн төлөө өрсөлдөхөөр байсан ч ийнхүү Парисын олимпийг хүлээхээс аргагүй болов.

Тэднээс гадна Недерландын скейтбордчин Кэнди Жейкобс, Чехийн ширээний теннисчин Павел Ширучек, Америкийн волейболчин Тейлор Крабб нар коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул олимпийн наадамдаа оролцож чадалгүй нутаг буцахаар боллоо. Ингэснээр долдугаар сарын 1-нээс хойш олимпийн наадамд оролцогчдоос илэрсэн халдварын тоо 91-д хүрээд байна.

Эх сурвалж: МҮОХ

Бямба гарагт тоглох 3х3 сагсан бөмбөгийн тоглолтын хуваарь
Бямба гарагт тоглох 3х3 сагсан бөмбөгийн тоглолтын хуваарь
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.