/2021.10.11/ Төлсөн Авснаа Нийтэл эвслийн 36 төрийн бус байгууллагаас “Корона вирусын халдвар /Ковид-19/ цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль”-ийн төсөл нь үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж байна гэж үзэж өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийлээ.
"Цар тахлын үеийн эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлж, дэмжих хуулийн төсөлд Засгийн газар танаж, тэвчиж болох зардлаа хэмнэх нэг ч заалт тусгаагүй, сөрөг нөлөөтэй хуулийн төсөл боловсруулж батлуулах гэж байгааг эрс эсэргүүцэж байна."
"Мөн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг авч олборлолт явуулахад тухайн аймаг, нэгж, ард иргэдээс санал авахгүй гэсэн байна. Ямар ч тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт байхгүй гэсэн үг. Одоо байгаа уул уурхайн компаниудынхаа замбараагүй үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байж ийм хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байгаа нь шударга бус байна.
Манай улсад ашигт малтмалын 920 зөвшөөрөл, гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 325, хамтарсан 141 лицензийг эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.
Хяналтаа ч тавьж чадахгүй хэр нь ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль батлах гэж байна. Уул уурхайн өрөмдлөг, газар ухсанаас болж манай улсад жилд 400-500 удаа газар хөдөлдөг болсон" гэв