/2021.10.08/: Нийслэлийн Засаг Даргын 2021 оны есдүгээр сарын 24-ны өдрийн А/733 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүрэг 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Самбалхүндэв /70 давхар/-ын оршуулгын газарт "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" байгуулах төсөл хэрэгжихээр боллоо.
Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтах юм.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм. Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд нийт 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тусгасан байна. 2015 онд Улаанбаатар хотын ЗАА-наас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байсан. Харин 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгджээ.
Төслийн талбайд орсон шарилын мэдээллийг www.sambalkhundev.mn сайтаас хайлт хийж харах боломжтой. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 72100101 дугаар лавлана уу.
Эх сурвалж: НЗДТГ