Санжийн Баярын “Таван тэрбумын ЭРХ ЧӨЛӨӨ”
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санжийн Баярын “Таван тэрбумын ЭРХ ЧӨЛӨӨ”

Өдрийн сонины Нийгэм, Эдийн засгийн албаны дарга Б.Номин-Эрдэнэ Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцжээ. Түүний ярилцлагаас онцлох 13 эшлэлийг хүргэж байна.

1.Амьдралын маань нэгэн зурвас үе "тэнд" өнгөрөх шив дээ. Хайран цаг хугацаа. Жар гарсан хүний нэг хоёр жил бүү хэл, нэг хоёр өдрийн үнэ цэнэ өндөр. Ямартаа ч тэнд байхдаа үзсэн харсан, бодсон санаснаа бичиж үлдээх ёстой байх.

2.“Улсад хохирол учруулсан” гэж намайг яллаагүй. Надад ял оноосон шүүхийн шийдвэрт улсад учруулсан мөнгө төгрөг, орлого зарлагатай холбоотой ямар нэгэн хохирол гэж тогтоож тусгасан юм байхгүй.

3.Таван тэрбум гаруй төгрөгийн төлбөр төлөх “албадлагын арга хэмжээ” надад авсан. Намайг магадлангаар гарах боломжтой болгохын тулд ах дүү, анд нөхөд маань байдгаараа тусалсан, дутсаныг нь банкны зээл авч байж асуудлыг шийдсэн. Тэдний ачаар надад оноосон тэр их төлбөрийг хорих ялаа эдэлж байсан хугацаандаа үндсэндээ барагдуулсан шүү.

4.Яагаад, ямар учраас, хуулийн ямар заалт үндэслэн намайг ингэж торгон шийтгэж байгаа учрыг нь мэдэх гээд шүүхээс тухайн үед нь би өөрөө, миний өмгөөлөгч олон асуусан. Бүлх залгисан мэт юу ч хариулаагүй. Гөлийгөөд л өнгөрсөн, шүүгч гэж тэр нөхөр. Тодорхой энэ асуултынхаа тодорхой хариуг авах гэж өнөөг хүртэл хөөцөлдөөд бараагүй л явна.

5.Миний найз, миний охин хоёрын байрны ихэнхийг худалдаж авсан цаг хугацаа нь Оюу толгойн гэрээ байгуулах бүү хэл, намайг Ерөнхий сайд болоогүй байх үед хийсэн бизнес арилжаа байсан нь баримтаар нотлогдсон. Тиймээс тэр хэдэн байрыг надтай шууд холбож миний өмч мэтээр зарлан шуугиулах, тэр тусмаа Оюу толгойн гэрээ байгуулахдаа авсан авлига энэ тэр гэж гүтгэх, яллах үндэсгүй нь батлагдсан.

6.“Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх онц ноцтой, 12 жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2018 оны хавар хорих 461 дүгээр ангид хорьж, мөрдөн шалгах ажлаа эхлүүлсэн. Хоёр жил шалгасны эцэст надад тулгаж байсан тэр“онц ноцтой” гэгдэх хүнд ял нь замхарч алга болсон.

7.Шүүх хурлын өмнө Улсын Ерөнхий прокурорт дээрх асуудлаар ил захидал бичин нийтэлж байлаа. Нэмэр болоогүй. Прокурорт хандаад ч, шүүх хурал дээр нь юу ч яриад, яаж ч нотлоод, ямар ч баримт гаргаж дэлгээд нэмэргүй юм билээ. Цаанаасаа даалгавартай юм шиг л алхаа тас тас цохисоор байгаад ачаад явуулсан. Одоо бол зүгээр ярих биш, заргалдана.

8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан ч гэнэ үү, өмгөөлөгч ч гэнэ үү нэг хүний компьютерт “тэр нөхрийг хэргийг тэгж тусгаарлах, тийм барьцаа хөрөнгө гаргуулах, тэр нөхөрт тийм ял өгөх” гэсэн агуулгатай, бид хэдийн нэр дурдсан файлууд олдсон ч гэх шиг. Энэ үнэн бол үүнийг юу гэж ойлгох вэ.

9.Тэндээс гарч ирээд нийгмийн амьдралд оролцоод, хөл тавиад байсан юмгүй. Ах дүү, анд нөхөд, ар гэрийн хүрээндээ л байж байна. Гэхдээ улс маань бүхэлдээ цар тахлын аюулд нэрвэгдэж байгааг бол мэдэрсэн. Өөрийн биеэр хүртэл мэдэрсэн.

10.Товч тодорхой байх, цаг хэмнэх талаасаа түйтэр нь арай зүгээр юм шиг. Өглөө, орой түйтэрт ороод гарахад нийгмийн хэсэг яг одоо юугаар амьсгалж, юунд баярлаж, бухимдаж байгааг нь мэдэх боломжтой.

11.Миний толгойлсон Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулж чадсан. Түүнийг арав гаруй жил шүүн хэлэлцсээр л байна. Нохой хуцна, тэмээн цуваа урагшилна гэдэг шиг энэ зуур Оюу толгой маань, Таван толгой, Эрдэнэт хоёртой нийлээд улсын төсвийг бүрдүүлэх гол эх сурвалж болсоор ирсэн.

12.Би “Улс төрөөс гарлаа. Гарахдаа гэрлээ унтраасан шүү” гэж хэлээд гарсан.Танай сониноор дамжуулж хэлж байсан санагдана. Тэрнээс хойш арав гаруй жил өнгөрч. Гэтэл орхиод гарсан улс төр намайг үе үе оролдсон хэвээр л. Улс төр ч гэж дээ. Улс төр бол бодлого. Намайг оролддог нь нэг муу арчаагүй улстөржилт.

13.Миний хувьд ажлын цаг дууссан. Улс төрийн ажлын цаг шүү дээ. Улс төр талаас нь харвал одоо үдэш оройн 19:30 орчим болж байгаа биз. Ажлаа тараад гэртээ харьж яваа цаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 5 үйлчилгээ нэмэгдлээ
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 5 үйлчилгээ нэмэгдлээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.