/2021.10.07/ Хүний эрхийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, "МАН энэ таван жилийн хугацаанд ардчилсан чөлөөт нийгмийг засаглах чадамжгүйгээ харууллаа. Эрх баригч нар ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй байна. МАН засаглаж эхэлсэн цагаас мөнгөний ханш 120 дахин уналаа.
Засгийн газар нь УИХ-ын хурлынхаа дээр очоод мордчихсон байна. Уг нь Улсын их хурал Засгийн газар, Ерөнхий сайдыг томилдог. Гэтэл өнөөдөр УИХ амьгүй үхдэл болж хувирлаа. ЗГ ковидын хуулиар төрөө барьж, дураараа авирлаж байна. Шударга ёсны сайд нь хүний эрхийн талд зогсох ёстой байтал эсрэгээрээ уландаа гишгичихсэн явж байна. Монгол Улс хуульчлагдсан дарангуйлал руу явж байна. Цагдаагийнхан МАН-ын дарангуйллын хэрэгсэл болж хувирлаа. Иргэдээ цагдаатай нь мөргөлдүүлж байна. Тиймээс нэн даруй зөрчлийн хууль, шоронжиж байгаа эрүүгийн хуулийг, иргэнээ барьж хорьдог, цагдаагийн үүдэнд нохой шиг байлгадаг хуулиудыг өөрчлөх цаг болсон. Үүн дээр АН-ынхан хамтарч ажиллана. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ тарах ёстой. Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ гэж байгаад хэрэггүй" гэв.
Мөн тэрбээр үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх гэдэг нь хүний хамгийн дээд эрх. Гэтэл өнөөдөр иргэдээ дарамталдаг, айлгадаг, хорьдог ийм л улс боллоо. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр МУ-д ардчилсан нийгэм байх үндэслэлгүй. Монголын төр хуулиа нулимж байсан үе хэзээ ч байгаагүй. Тиймээс цаашид энэ асуудал дээр бид хатуу тэмцэх болно гэлээ.