/2021.10.04/ “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт Төрийн ордонд боллоо.
Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байна.
Манай Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн цар тахлыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бий болгох, шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн, шинэ сэргэлтийн бодлого тодорхойлон ажиллаж байна.
Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан.
Жишээлбэл, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэх юм. Тиймээс хадгаламжтай ирээдүйн иргэдийг бий болгох тогтолцоог бүрдүүлэх үүднээс байгалийн баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзаж, 0-18 насны иргэдийн нэрийн дансанд бодитоор, мөнгөн хэлбэрээр байршуулах тогтолцооны шинэчлэлд шилжин орох болно.
Хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилтыг хангах хүрээнд иргэн бүхэн жилд нэг удаа урьдчилсан оношилгоонд хамрагддаг байх тогтолцооны шинэчлэлийг мөн ирэх жил эхлүүлнэ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа ирээдүйд улам ахиулахын тулд хичээл, зүтгэл гарган ажиллах болно. Тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал" гэв.