/2021.10.02/ Баасан гарагт Ковид халдвартай өвчтнүүдийг эмчилж байсан Румын эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гарсан түймэрийн улмаас долоон хүн нас баржээ.
Уг хэргээс үүдэн тус улсын эрүүл мэндийн салбар хүндхэн нөхцөлд байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Энэ гал нь сүүлийн жил гаруйн хугацаанд Румын эмнэлэгт гал гарсан гурав дахь тохиолдол бөгөөд түймрийн улмаас нийт хорин хүн амиа алдаад байгаа юм.
Албаныхан хүчилтөрөгчийн хангамжийг унтраасны улмаас гал гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Шалтгаан нь дэлхийн бусад улсад коронавируст халдвартай хүмүүсийг эмчилж буй эмнэлэгүүдэд гарсан гал түймэртэй ижил байна гэжээ.
Үүний нэг жишээ нь хамгийн сүүлд Хойд Македоний эмнэлэгт гал гарч, 14 хүн амиа алдсан байна.
Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис "Баасан гарагт болсон эмгэнэлт явдалд би маш их харамсаж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж хуучирч, их ачаалсанаас гал гарсан байж болзошгүй. Энэ явдал Румыны эрүүл мэндийн системийн дэд бүтэц сул байгааг баталлаа" гэж тэрбээр мэдээлжээ.
Румын улс вакцинжуулалтын хувиараа Европын Холбооны улсуудаас хоёрдугаарт жагсаж байгаа ч халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. Тус улсын ЭМЯ-ны мэдээлснээр пүрэв гарагийн байдлаар ковид-19 халдвартай 12,000 гаруй өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 1,300 гаруй хүн сэхээн амьдруулах тасагт байна гэжээ.
Ковид халдварын улмаас олон мянган эмч, сувилагч тус улсаас цагаачлан гарсаар байна. 1989 онд коммунизм нуран унасны дараа тус улс ганцхан шинэ эмнэлэг барьсан бөгөөд Европын Холбооны улсууд дотроос Румын улс эрүүл мэндийн салбартаа хамгийн бага хөрөнгө оруулалт хийдэг орны тоонд багтдаг.