/2021.10.01/: Монгол Улсын Засгийн газраас 2019 онд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа билээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр эмийн үнэ, хүртээмжийн талаар хуулийн төсөлд хэрхэн тусгах талаар Ажлын хэсгийн гишүүд, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, талууд байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ хангамжийн өнөөгийн байдал, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний талаар олон улсын туршлага, судалгаа зэрэг илтгэлүүдийг холбогдох газруудаас тавьлаа.
Монгол улсын эм хангамж нь 20 хувь дотоодын үйлдвэр, 80 хувь нь импортоор хангагдаж байна. 2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгний эмийн импорт хийгдсэний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, 47.5 хувь нь бусад эмийн импорт байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2021 онд эмийн үнийн талаарх судалгааг 7500 гаруй иргэнээс авахад 38.4% нь худалдан авч буй эм хэт үнэтэй, 46.8% нь эмийн үнээс шалтгаалж жоронд бичсэн эмээ худалдан авч чадаагүй тохиолдол, 78.6% нь эмийн үнийг зохицуулахад Төрийн оролцоо шаардлагатай талаар хариулт өгсөн байна.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг цаашид Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр хэлэлцүүлэг хийх юм.
Эх сурвалж: НББХ