/2021.09.30/: Уналт, таталттай хүүхдүүдийн байнгын асаргаа, байнга ууж хэрэглэдэг эм, тариа, дархлааны бэлдмэл болон эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдах “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт”-ын мэдрэлийн өвчний заалтуудтай холбоотой асуудлаар болон уналт, таталттай хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудаар ялангуяа байнга ууж хэрэглэдэг эм, тариа, дархлааны бэлдмэлүүдтэй холбоотой тайлбар, мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг ХНХЯ-наас санаачлан цахимаар зохион байгууллаа.
Уулзалтад оролцсон ТББ-ууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн зүгээс цаг үеэ олсон арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн оношилгоо, эрт илрүүлэлт, эм бэлдмэлийн асуудал, эмнэлгийн орчин, нөхцөл байдал, олон улсын хамтын ажиллагаа, эмч, эмнэлгийн ажилтан хүний нөөц, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх боломжуудыг нийгэмд таниулах, хөгжлийн бэрхшээл ба ковид гэсэн сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа танилцуулан хэлэлцүүлэв.
ЭМЯ-ны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт-ын төслийн мэдрэлийн эмгэгүүдтэй холбоотой тайлбар, мэдээлэл өглөө.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас уналт, таталтын эмчилгээнд хэрэглэгддэг тодорхой тооны эм, бэлдмэл хилийн боомтод ирсэн байгааг дуулгаад, зайлшгүй шаардлагатай эм, бэлдмэлийг нэг удаагийн лицензээр оруулж ирэх боломжтойг мөн дурдав.
ЭМЯ өөрийн салбарын холбогдох талууд болон уналт, таталттай хүүхдүүдийн эцэг, эх, төрийн бус байгууллагуудын хамтарсан томоохон уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг дахин ярилцаж, шийдвэрлэх тухай мэдэгдлээ.
Эх сурвалж: ЭМЯ