/2021.09.24/ “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шатахууны хомстолтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Би болон У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед шатахууны үнийг барих гэж хичээсний үр дүнд 52 тэрбум төгрөгийг иргэдийн халаасанд үлдээж чадсан.
Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэсэн нь дордсоны шинж гэж УУХҮ-ийн сайд байсан хүний хувьд харж байна. Нийслэлийн иргэдийн 70 хувь нь АИ92 бензиний хэрэглэгч байдаг. Иргэдийн бухимдаж буй нь зөв. Үүнийг зохицуулах нь хэцүү зүйл биш.
Үнийн хамгаалалтад хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол бензиний үнийг тогтвортой барих бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь төрийн залгамж чанар, үйл ажиллагааг үргэлжлүүлээгүй учраас шатахууны үнийн асуудал дээр бодлогын алдаа гарсан.
Уг гэрээг үргэлжлүүлсэн бол АИ92 бензиний үнэ 1550-1600 төгрөгийн хооронд байх бүрэн бололцоотой байсан” гэсэн юм.