Амралтын өдөр. Ням гараг.
Төсөөллийн дагуу бол хүн бүр гэртээ цаг гаргаж, хөгжилтэй нэвтрүүлэг, хүүхдийн инээд дунд өнжиж маргаашдаа бэлдэх өдөр. Төсөөлсөн бүхэн бодит байдалд биелэлээ олдоггүйн баталгаа болгож Яармагийн эцсийн буудлын эргэн тойронд аж төрдөг иргэдийн байдалтай танилцлаа.
Автобусны буудал дээр хөлчүү ах нар холхиж байн байн дуугаа өндөрсгөн гар утсаа алдсан, амьдрал хэцүү байгааг ярилцаж халаглана. Өмнө нь Яармаг гээч газрыг Хүннү молл-оор л төсөөлдөг байсан би мөн л шинэ газар үзэж байгаа аятай ийш тийш нүд хаяж явлаа. Эцсийн буудал дээр “Чка” гээд их л дажгүй харагдах хоолны газар үүдэндээ цэцэг суулгаж, дээврээсээ ваартай цэцэг унжуулж тохижуулсан байв. Харамсалтай нь түүгээр өнгөрөх ахимаг насны “эгч” нар хэнэг ч үгүй өнөөх суулгасан цэцгийг тастаж орхиж байх юм.
Зам дагуу байршилтай эмийн сан орох нь тэдний байдлыг ажиглах “бай” байлаа. Эмийн сан хүний хөлөөр тасрахгүй. Нэг нь гараад дараагийн хүн орж ирээд, гараагүй байхад нь дараагийн хүн орж ирээд л...
Эмийн санч бол ам хуурай сандал дээрээ сууна гэж байхгүй юм . Олны асуултад төвөггүй хариулж, эмчийн бичгийг ойлгож уншаад шуурхай үйлчлэх юм. Ажил нь болохоор арга ч үгүй биз. Түүний байнга ашиглаж байгаа зүйл нь банкны карт унших төхөөрөмж, саатай будгаар будсан тооны машин, хайч...
Хайч уу. Хайчаар эмийг үйлчлүүлэгчийн хүссэний дагуу тоо ширхэгээр нь өгч байгаа нь энэ.
Иргэд ихэвчлэн өвчин намдаах, даралтны эм, хаа нэгтээ витамин ширхэгээр нь авах юм.
1300₮-ийн үнэтэй харшлын эмийг хүртэл таллаж авсан хүн бий. Эмийн санчаас дараах асуултыг тодрууллаа.
- Ширхэглэж авах тохиолдол их байна. Олон хүн ингэж худалдан авдаг уу?
- Таван зуун төгрөгийн үнэтэй эмийг хүртэл ширхэглэж авдаг. Өдөрт үйлчлүүлж байгаа 10 хүний 8 нь ширхэглэж авдаг гэж ойлгож болно.
- Цар тахал нөлөөлсөн болов уу? Хэзээнээс ингэж худалдаж авах болсон бэ?
- Сүүлийн зургаан сарын хугацаанд худалдан авах чадвар эрс муудсан санагдаж байна.
- Иргэд ихэвчлэн ямар эм худалдан авч байна вэ?
- Өвчин намдаах эм /ибофруфен, дикло денк/ даралтны эм, дархлаа дэмжих витамин. Халдвар авсан тохиолдолд витамин, дархлаа дэмжих уусмал, норов 7, мана 4 санал болгодог. Үүнийг ч мөн адил ширхэгээр авдаг юм.
Ярилцах хооронд үйлчлүүлэгч орж иржээ. Тэрээр витамин Д авъя гэв. Үйлдвэр, тун, тоо ширхэгээс шалтгаалаад олон төрлийн өртөгтэй.
Эгч харин арай хямдаас нь авъя гэлээ.
- Халдвар авсан хүн витамин авъя гэвэл хэдэн төгрөгөөс эхэлж байна вэ?
- Хамгийн багадаа 6900₮ тэгээд л өсч байна.
- Өөрсдийн дураар эм авах үзэгдэл хэр ажиглагдсан бэ?
- Антибиотикийг зөвхөн эмчийн жороор л олгодог болсон. Тэр цагаас хойш жоргүй үйлчлүүлэх иргэд эрс багассан. Угаас жоргүй бол эм борлуулах журамгүй.
Амьсгаадаж орж ирсэн эгч харин нуруу татсан үед юу уух вэ гэж сандрангуй асуулаа. Эмийн санч булчин сулруулах эм, нуруу татсан хэсэгтээ наах наалт санал болгоход үйлчлүүлэгч нэмээд өвчин намдаах эм авлаа. Хажуугаар нь орж ирсэн өвөө дууссан эмнийхээ савыг үзүүлээд ахин авъя гэж гар сарвайгаад үнийг нь лавлав. Эмийн санч үнийг хэлэхэд “Болж л өгвөл нэмээд байх юм аа гээд өвөө зогтусав аа. Хамар хашааны дэлгүүрээс талхыг бол зээлээд авчихаж болно, эмийн сан биед хэрэгтэй, өвдөлтийг намдаадаг бүтээгдэхүүн борлуулдаг ч өр зээл тавих асуудал ер байхгүй. Мөнгөгүй л бол өвдөөд байж байна. Ядаж ширхэгээр нь ч болтугай авдаг” хэмээн өнөөх өвөө хэллээ.
Халдвар авсан бол 100 ширхэгтэй витамин Д "Актив Денк 1000мг" 19900 төгрөг, 10 ширхэгтэй витамин Ц "Витагрип 1000мг" 10200 төгрөг, вирусны эсрэг 50 ширхэгтэй "Гропринозин" эм 53450 төгрөгөөр тус бүр авна. Ингээд бодохоор нэг хүний эмний хэрэглээ талийж өгч байгаа биз.
Энэ мэтчилэн хөл хүнд бүсгүй, таяг тулаад алхаж буй буурай, бэрдээ витамин авч байгаа хадам гээд олон л хүн орж гарлаа. Дөчин минут өнгөрөөд гэрийн зүг нийтийн тээврийн 54 чиглэлийн автобусанд суухаар боллоо. Өнөөх хөлчүү ах хүү шороон дээр унтаад өгсөн байна. Нар жаргаж хүйтэн болж байсан тул ямар нэг муу юм болох вий гээд 102 руу утас цохилоо. 19:40 цагийн үед дуудлага өгсөн юм. Өдөрт зуу зуугаараа дуудлаганд явдаг цагдаа нарын ачааллыг алийг тэр гэхэв.
Амралтын өдөр ч гэсэн ачаалалтай байсан бололтой, цагдаа ч дуудлага өгсөн дугаарт залгаж Яармагийн эцсийн буудал дээр унтаж байгаа согтуу хүн байхгүй хэмээн хэллээ. 21:14 цагт утсанд асуудлыг шийдвэрлэсэн, гэмт хэргийн шинжгүй гэх зурвас ирсэн.
Эргэцүүлэн бодоход ЭРҮҮЛ МЭНДЭЭ хамгаалж ЭДИЙН ЗАСГАА аврах бодлого хөрсөн дээрээ буухгүй байна уу, эсвэл иргэд өөрсдөө “амьдарч чадахгүй” байна уу?
/2021.09.14/