/2021.09.13/ Шинэ долоо хоног эхэлж, олон сар онлайнаар хичээллэсэн оюутан залуус сая нэг хотын гудамжийг чимэх цаг ирлээ. Арван жилийн сургуулийн хаалгыг хаагаад их сургуульд хөл тавина гэдэг нь адармаатай хийгээд адал явдалтай он жил болон үлдэнэ.
Сургуулийнхаа байрыг олохгүй төөрч будлих, сургууль руугаа явах чиглэлийн автобусаа мэдэхгүй хоцрох нь ямар ч оюутанд тохиолдох л асуудал.
Өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс орон нутгаас ирсэн шинэ оюутнуудад зориулж "Улаанбаатарт тавтай морил" арга хэмжээг Энхтайвны өргөн чөлөө буюу "Багшийн дээд" автобусны буудал дээр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс"-ийн сайн дурын залуучууд хотын соёлд уриалсан брошурыг барьж, соёлтой байхыг уриалсан юм.
Мөн гудамжаар өнгөрөх залууст Улаанбаатар хотын төвд байршилтай их, дээд сургуулиудад хүрэх зам, номын сантай холбогдох утасны дугаар, цагийн ажлын бүртгэл мэдээлэл, кино театр, музей зэргийн байршлыг багтаасан хөтөч товхимлыг өгч байлаа.
/МУИС-ийн хоёрдугаар байрны 345 тоот хаана байгааг тусгаагүй шүү./
Нэн түрүүнд цаг завгүй бужигналдах хотод эрдэм өвөрлөх гэж ирсэн оюутан та цаг заваа хэмнэх үүднээс гар утсандаа:
- Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг багтаасан и-монголиа /Заавал өөр тийшээ явж цаг алдах зүйлгүй, их л амар аппликэйшн дээ. Наад зах нь иргэний үнэмлэхний лавлагаа авч болдог. /
- Татварын нэгдсэн систем и-баримт /гурван сар тутамд нэг удаа худалдан авалтынхаа хоёр хувийг буцаагаад авчихна. Оюутан хүнд мөнгө илүүднэ гэж юу байхав дээ. /
- Цагийн ажилд зуучлах UB JOB /цалинтай оюутан байх ч сайхан шүү. Хувцас, хоолны мөнгө, гоёл чимэглэл гээд л хэрэгцээтэй зүйлээ ӨӨРӨӨ авах шиг сайхан юм байдаггүй юм шүү./
- Нийтийн тээврийн автобус хаана явааг тухай цаг бүрд нь UB SMART BUS гэсэн аппликэйшнийг татан авч цагаа хэмнэх боломжтой юм. Хэлний сонголт нь ч Монгол хэл дээр, мэдээж ашиглахад амар.
- Нэмэлтээр хэлэхэд автобусны картаа цэнэглэх боломжтой Hi Pay гэх аппликэйшн байдаг.
Бие даалт, хичээлийн нэмэлт судалгаандаа зориулж байнга орж гарах газар бол сургуулийн тань номын сан байна. Сургуулийнхаа номын сангаас гадна ихэвчлэн Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, Төв номын сан зэргээр үйлчлүүлэх буй за.
Чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөх, нөхөдтэйгөө хөгжилтэй байх цэг бол кино театр, соёл амралтын хүрээлэн юм. Их сургуультай ойр орших хэд хэдэн кино театр бий. Мөн "Хүүхдийн парк" буюу Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээр зочилж болно. Санаа зоволтгүй ээ, тэнд зөвхөн хүүхдүүд биш оюутан залуус хүртэл тоглодог юм.
Дээрх товхимолд ХОТЫН иргэний энгийн зуршлыг дурдсан байв. Энэхүү энгийн зуршил нь үнэн хэрэгтээ нийслэлчүүдийн дунд бүрэн тогтсон соёл гэж хэлэхгүй ч хэрвээ зүй бус үйлдэл гаргавал цахим орчинд шүүгээд өгөх олны ам бэлэн байдаг гэдгийг л санаж яваарай.
- Идсэн, уусан гээд л өөрийнхөө тарьсан хогийг хогийн саванд хийгээрэй. Энэ нь хотыг цэвэр цэмцгэр байлгах гэж өдөр шөнөгүй хөлсөө дуслуулан хөдөлмөрлөдөг ажилчдыг нэг ч гэсэн нуруу тэнэгэр байхад нь тусална.
- Олон нийтийн газар нус цэрээ битгий хаяарай. Муухай шүү дээ.
- Зориулалтын бус газар бие засаж болохгүй шүү.
- Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх,
- Дарааллын журмыг баримтлах,
- Урсдаг шат зэргээр явахдаа баруун гарын дүрмийг баримталж, цуварч явах,
- Зориулалтын тамхины цагт тамхи татах. Таны өмнө нэг хүн утаа баагиулаад яваад байвал муухай биз.
- Цэцэрлэгт байхаас л зааж сургадаг ногоон гэрэл, цагаан шугамыг баримтлаарай.
Гол нь таны ухамсар юм шүү. Таны хийсэн үйлдэл алс хэтдээ хэн нэгэнд төвөг удах зүйл битгий хийгээрэй.
Эцэст нь мэдээж хэрэг цар тахлын хэцүү үед халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж, хүн хоорондын зайгаа сайтар баримтлаарай.
Нийслэл нэг хэсэгтээ л түгжрэлтэй байна. Цагаа сайтар тооцоолж гэрээсээ гараарай. Амжилт хүсье.