/2021.09.13/: Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаны бусад хүмүүс “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр өнөөдөр ажиллалаа.
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан бөгөөд, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж, аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна. Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан танилцууллаа.
Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг Ерөнхий инженер хэлсэн юм.
Харин Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрт найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Агаар орчны бохирдлыг бууруулах үйлдвэрийн технологи нь өөрөө байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тиймээс жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн сайжруулалттай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулах гэж байна.
Хамгийн гол шахмал түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх нь чухал. Таван толгой түлш компанийн баруун, зүүн бүсийн хоёр үйлдвэрээс гадна ТЭЦ II дээр байгаа шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Есдүгээр сарын 15 гэхэд бид айл өрх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын халаалтыг өгөх ёстой. Тиймээс эрчим хүчний бүх урсгал болон их засварууд энэ хугацаанд дууссан байх ёстой юм” гэлээ. Мөн тэрбээр зүүн бүсийн үйлдвэрийн тогтмол үйл ажиллагааг 10 дугаар сарын 1 гэхэд нээхээр төлөвлөж байгааг хэллээ.
Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн болон гарч буй бүтээгдэхүүний доголдолгүй байх ёстойг онцлов. Үйлдвэрт олон зуун хүн ажиллаж байгаагаас гадна бүтээгдэхүүнийг нийслэлийн өрх бүхэн хэрэглэх учраас технологийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг үйлдвэрийн удирдлагуудад сануулсан юм.
Эх сурвалж: НИТХ