/2021.09.10/: Хятад улс Талибаны хяналтад байгаа Афганистан улсад ойролцоогоор 31 сая ам.долларын хоол хүнс, өвлийн бараа хангамж, вакцин, эм тариа тусламжаар өгөхөөр болсон тухай Хятадын Гадаад Хэргийн Яам лхагва гарагт мэдэгдэв.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэхдээ энэ шийдвэрийг Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалтын үеэр гаргасан бөгөөд "Афганистаны ард түмэнд яаралтай тусламж үзүүлэх болно" гэжээ.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ Хятад улс эхний ээлжинд Афганистанд 3 сая вакцины тун хандивлана гэж Хятадын төрийн мэдээллийн "Синьхуа" агентлаг мэдээлсэн ба вакциныг хэзээ хүргэхээр төлөвлөж байгаа нь тодорхойгүй байна. Хятад улс коронавирусын эсрэг вакцинаа дэлхий дахинд, ялангуяа ядуу буурай орнуудтай хуваалцах болно гэж Хятадын удирдагчид удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд албан тушаалтнууд Афганистан улсад нэн тэргүүний тусламжинд багтана гэж амлаж байжээ.
Видео холбоосоор дамжуулан Бээжинд болсон гадаад хэргийн сайдын уулзалтын үеэр Ван АНУ болон түүний холбоотнууд Афганистаны ард түмэнд эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой гэжээ. Афганистанаас АНУ-ын цэрэг гарч, дараа нь Талибан эзлэн авсны дараа Ван “АНУ Афганистаны тусгаар тогтнолыг хүндэтгэхийн зэрэгцээ хөгжил, тогтвортой байдлыг хангахад туслах үүрэг, хариуцлагаа хүлээх естой” гэж мэдэгдсэнийг "Синьхуа" мэдээлэв.
Мягмар гарагт Талибанчууд Афганистанд хатуу чиг шугам баримталсан түр засгийн газар байгуулснаа зарлаж, АНУ тэргүүтэй цэргийн эвслийн эсрэг 20 жилийн тэмцлийг удирдаж байсан лалын зэвсэгт бүлэглэлийн ахмад дайчдаар дээд албан тушаалыг дүүргэжээ.Ван талибанчуудыг терроризмыг нухчин дарж, тус улсын жижиг угсаатны бүлгүүдтэй нэгдэхийг уриалав. Тэрбээр Пакистан, Иран, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг Афганистаны бүс нутгийн хөршүүд нь "улс төрийн өргөн хүрээтэй, хүртээмжтэй бүтцийг бий болгох, оновчтой дотоод, гадаад бодлого явуулах, террорист хүчнүүдтэй тодорхой нөхцөлд харьцах" зэргийг зохицуулж, хамтран ажиллах ёстой гэжээ.
Хятад улс Афганистан улстай Ваханы нарийн коридорын төгсгөлд Хятадын баруун бүс нутгийн Шинжаантай 50 миль (80 километр) хил залгаа оршдог бөгөөд өргөн бүс нутгийг хамарсан хөрөнгө оруулалт хийдэг байна.
Долдугаар сард Тяньжин дахь Талибаны удирдагчид болон Хятадын Гадаад хэргийн сайд нарын өндөр хэмжээний уулзалтын дараа Ван талибуудыг "Афганистан дахь цэрэг, улс төрийн чухал хүчин" гэж нэрлээд "улс орны энх тайван, эвлэрэл, сэргээн босголтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж мэдэгдэв. Хариуд нь Талибанчууд Хятадыг "сайн найз" гэж нэрлээд Афганистаны газар нутгийг Хятадын эрх ашгийг зөрчих ямар нэгэн хүч хэрэглэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй " гэж амласан тухай Хятадын Гадаад Хэргийн Яамнаас уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Талибаны төлөөлөгч Хятадын төрийн CGTN телевизид өгсөн ярилцлагадаа Бээжинтэй ойр дотно харилцаатай байхыг уриалжээ. "Хятад бол манай хөрш маш чухал, хүчирхэг улс бөгөөд бид өнгөрсөн хугацаанд Хятадтай маш эерэг, сайн харилцаатай байсан. Бид эдгээр харилцааг улам бэхжүүлэхийг хүсч, харилцан итгэлцлийн түвшинг сайжруулахыг хүсч байна" гэж Забихулла Мужахид хэлэв.
Афганистан нь Шинжааны Лалын шашинт бүс нутгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй алан хядагчид, хэт даврагчдын суурь болох вий гэдэгт тус улс онцгой санаа зовж байгаагаа Ван долдугаар сарын уулзалтынхаа үеэр Талибаны удирдагчидтай сануулсан нэн тэргүүний асуудал нь байжээ.
Эх сурвалж: cnn.com