/2021.09.09/ Тээврийн жолооч нар Цагаан хад-Гашуунсухайт боомтод ажиллаж буй төрийн албан хаагчдад нэн даруй хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардлаа.
Тээвэрчдэд үүсч буй хэд хэдэн асуудал байна. Үүний нэг нь жолооч нар Монгол талд ковид-19-ын шинжилгээ өгөхөөр сөрөг, БНХАУ-ын талд өгөхөөр эерэг гарч зөрөөд байдаг асуудал гэв.
Гашуунсухайт боомтын тээвэрчин Г.Баянмөнх, "Хуучин Цагаан хаданд 3 мянган жолооч тээвэрлэлт хийдэг байсан. Цар тахлын улмаас тухайн хэсгийг ногоон бүс болгоно гэж тээвэрчдийг гаргасан. Буцаагаад PCR шинжилгээ аваад бүгдийг нь нэвтрүүлсэн. Гэтэл хятадад очоод PCR өгөхөд "ковид-19" халдвартай гэж гарсан.
Тиймээс монголд ирээд шинжилгээ өгөх гэхээр бид нараас авдаггүй, хөөдөг. Үүнээс болж бид нар ажилгүй болох эрсдэл байна. Тээвэрлэлтэд хятадаас жолооч оруулж ирж явуулна гээд байгаа. Шалтгаан нь манай PCR шинжилгээ зөрж байгаатай холбоотой юм" гэв.
Мөн тэрбээр тусгаарлаах байр шаардлага хангахгүй байна гэсэн юм. Жолоочид халдваргүй очсон ч тусгаарлах байрнаасаа ковид-19 авах тохиолдол гарч байгаа аж.
Цагаанхаданд очиж шинжилгээ өгч тусгаарлагдаад 53 хонож байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч удаа тээвэрлэлт хийгээгүй жолооч байгаа. Гэтэл 14 хоногийн хугацаанд 2 удаа тээвэрлэлтэд явсан жолооч бас байна. Үүнээс харахад бөмбөлөгний тогтолцоонд ашиг сонирхлын зөрчил байж магадгүй гэж хардаж байна хэмээн тээвэрчид хэллээ.