/2021.09.08/: Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад харилцаа эргэн сэргэж, бизнесээ хөгжүүлэх боломжуудыг нээж өгч байна.
Энэ хүрээнд ирэх 11-р сард АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотод Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих томоохон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалт, үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцохоор болсон.
Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд 11-р сарын 15-аас 20-ны өдөр, Канад улсын Торонто хотод 11-р сарын 20-ноос 25-ны өдөр “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” зохион байгуулагдах гэж байна.
“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг ХХААХҮЯ, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна.
Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна. “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-д оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүдийг Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгуудад байршуулах боломжийг давхар нээж өгч байгаа юм.
Хамтарсан уулзалтын үеэр төрийн болон төрийн бус, холбоодууд, хувийн хэвшлийн байгууллагууд “энэ удаагийн олон улсын чуулганд олон талын ач холбогдол өгч, илүү өргөн хүрээнд дэмжиж, хамтран ажиллана. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж гадаад худалдаа хумигдаад байгаа ч уг чуулга, үзэсгэлэн бидэнд илүү олон боломж, олон улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын сувгуудыг нээж өгч чадна” хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм.
Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд:
·Хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал
·АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ
·Олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй хийх уулзалт
·Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах
·Үзэсгэлэн худалдаа
·Соёл сурталчлах арга хэмжээ
·Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг олон талын үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулна.
Эх сурвалж: ХХААХҮЯ