/2021.09.06/ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Сайд нарын уулзалтыг Женев хотноо 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхий дахинаа тулгамдаад буй коронавируст цар тахлын нөлөөгөөр далайд гарцгүй хөгжиж буй улсууд урьд урьдынхаас илүү хүндрэлтэй тулгарч буйг онцоллоо.
Мөн ДГХБО-ын түүхий эдээс хараат байдлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэн, худалдааны хэмжээ, хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн тээвэр, ложистик, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ДГХБО-д нэн чухал чиглэлээр үзүүлж буй тусламж дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэхийг хөгжлийн түншүүдэд уриаллаа.
Уулзалтаар Балба, Боливи, Бутан, Замби, Зимбабве, Казахстан, Лаос, Парагвай зэрэг улсын худалдаа, хөгжлийн асуудал хариуцсан сайд, элчин сайд нар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, ДЭМБ-ын Ерөнхий захирал зэрэг төлөөлөгчид тус тус үг хэлж, ДГХБО-ын худалдаа, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
Өдгөө дэлхийд далайд гарцгүй 44 улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд юм.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нь далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй зэрэг тулгамдаж буй асуудал их юм. Тиймээс олон улсын худалдаанд дөнгөж 1 хувийг эзэлдэг.
Уулзалтын дүнд энэ оны аравдугаар сарын 3-7-нд болох НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулганд хандан гаргаж буй Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Сайд нарын тунхаглалыг баталжээ.