/2021.09.06/
Афганистан улсын Панжшир мужид Талибаны дайчидтай хийсэн мөргөлдөөний үеэр эсэргүүцлийн хүчний албан есны төлөөлөгч Фахим Дашти амь үрэгджээ.
"Панжширын эсэргүүцлийн хөдөлгөөний хэвлэлийн нарийн бичгийн дарга Фахим Дашти Талибанчуудтай хийсэн тулалдаанд амь үрэгдсэн" гэж Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронтод байгаа эх сурвалж хэлэв.
Дашти яг яаж, хэзээ нас барсныг тодорхой мэдээлээгүй байна.
Өмнө нь эсэргүүцлийн хүчний удирдагч Ахмад Масуд Талибаны дайчид тус мужийг орхивол тэмцлээ зогсоож, хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ.
Наймдугаар сарын эхээр Талибанчууд Афганистан дахь Засгийн газрын хүчний эсрэг довтолгооноо эрчимжүүлсэн ба наймдугаар сарын 15-нд Талибууд нийслэлд орж, Ерөнхийлөгчийн ордныг хяналтандаа авсан бөгөөд маргааш нь тэд Афганистанд дайн дуусч, тус улсын засгийн газрын удирдлага ойрын үед тодрох болно гэж мэдэгдэв. Наймдугаар сарын 31-ний шөнө АНУ-ын цэргүүд Кабулын Нисэх онгоцны буудлаас гарч, Афганистан дахь 20 жилийн хугацаанд үргэлжилсэн Америкийн цэргийн дайн дуусав.
Одоогийн байдлаар Афганистаны бүх газар, хилийн боомтуудыг Талибууд хянаж байна. Тэдний хяналтанд ороогүй цорын ганц муж бол Кабул хотоос зүүн хойд зүгт орших уулархаг нутаг Панжшир хэвээр байна. Одоо Талибаны эсрэг Умард холбоог удирдаж байгаад 2001 оны есдүгээр сарын эхээр алан хядагчдын гарт амиа алдсан Ахмад Шах Масудын хүү Масуд тэргүүтэй орон нутгийн эсэргүүцлийн ангиудтай тулаан хийж байна.
Эх сурвалж: Риа Новости