/2023.4.19/ Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээллийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар өглөө. Тэрбээр:
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ЦЕГ-аас Чимгээ, Содномдаржаа нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр эдгээр хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болголоо.
Одоо хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс удаан хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхзүйн үндэс бүрдлээ. Мөн гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэг давхар шалгагдаж байна. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагат Цагдаагийн байгууллагаас тавих бэлтгэл ажил хангагдаж байгаа.
Энэ кэйс бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын хувьд судлах маш том хэрэг болж байна. Прокурор энэ хэрэгт гэмгүй гэж дүгнэлт гаргасаар байтал олон жил эдгээр хүнийг мөрдөн шалгаж, хорьж, эрхийг нь ноцтой зөрчсөн гэлээ. Мөн цаашид энэ хоёр хүн хохирлоо нэхэмжлэх эрх нээгдэж байгаа ажээ.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ гэв.