/2023.03.10/: АНУ-ын Юта мужийн банкнаас 65 настай эрэгтэй 1 доллар дээрэмдсэн хэрэг гарсан бөгөөд үүнийг эрх баригчид холбооны шоронд орохыг санаатайгаар оролдсон гэж үзэж байна.
Дональд Сантакросе гэх эр Солт Лэйк Сити дэх Уэллс Фарго банкинд нэвтэрч, ажилтнуудад “Ингэснийг минь уучлаарай, гэхдээ энэ бол дээрэм. Надад 1 доллар өгөөч. Баярлалаа" гэсэн байна.
Теллерүүд түүний шаардлагыг биелүүлж шаардсан мөнгийг нь өгсний дараа тэрээр "Одоо цагдаа дууд" гэж хэлээд газарт суусан байна. Түүгээр ч зогсохгүй тэрээр хууль сахиулах байгууллагуудын хариу арга хэмжээ удаашралтай байгаа талаар гомдоллосон байна.
Түүний энэхүү үйлдэлд хуулийн байгууллагаас хулгайн гэмт хэрэгт буруутган Солт Лэйк Каунти шоронд суулгасан байна. Сантакросе цагдаа нарт "холбооны шоронд орохыг хүссэн учраас банк дээрэмдсэн" гэж хэлсэн бөгөөд "дараагийн удаа холбооны шоронд орохын тулд өөр банк дээрэмдэж, илүү их мөнгө нэхэх болно" гэжээ.
Өмнө нь үүнтэй төстэй хэрэг АНУ-д гарч байсан бөгөөд банк дээрэмдсэн этгээд нь орон гэргүй бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд банк дээрэмдсэн байжээ.