Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

/2023.03.10/: Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна.

Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ.

Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын чанар, стандартад хяналт тавих ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Аюул, осол гарлаа гэхэд иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Болзошгүй эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” хэмээсэн юм. Мөн барилгын чанар, стандарт, иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн зөвшөөрөлгүй барилгын талаарх мэдээлэл гардаг ч тэгсхийгээд замхардаг. Яагаад барихаас нь өмнө арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Үүнийг нэг мөр шийдэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгалаа.

Мөн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ

БШУ-ны сайд Сидней дэх монгол сургуульд зочиллоо
БШУ-ны сайд Сидней дэх монгол сургуульд зочиллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.