/2021.08.30/ МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах үйл явц хууль бус явагджээ. Тус ТВ-ийн Үндэсний зөвлөл энэ оны гуравдугаар сарын 5-нд хуралдаж Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилж байсан юм.
Энэ талаар хуучин МҮОНТВ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр, "Заа нэг ийм ХЭРЭГ боллоо. Олон хүн цуглуулж 14 нэр дэвшигчтэй сүржин эхэлсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах үйл явц нь "Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсон үйлдэлүүдээс болоод 2021.3.5нд гаргасан "Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол" хүчин төгөлдөр бус болохыг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээр ийнхүү тогтоолгосон болно. Миний гаргасан 3 хүсэлтийн эхний хоёрыг шүүх хангаж шийдвэрлэлээ.Сонгон шалгаруулалтыг тооллогын комиссын алдаатай үйл ажиллагаанаас болж эхнээсээ буруудсан болохыг илчилж, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу хийхийг Үндэсний зөвлөлд даалгасан. Энэ мэдээлэл хэрэг болох хүнд нь хэрэгтэй гэж бодсон тул энд нийтлэв. Сайт сонин гээд сүржигнээд яахав гэж бодлоо. Илүү тодорхой мэдье гэвэл холбогдоно биз ээ. Энэ асуудалд холбогдож орсон зарим хүмүүсийн нэрсийг дарлаа шүү" гэсэн байна.