/2022.12.21/: Нүүрсний асуудлаарх хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн сонсголоор нийт 4 асуудлын хүрээнд хэлэлцэх юм.
Нээлттэй сонсголд жагсагчдын төлөөллийн нэг болох иргэн Б.Бат-Очир оролцон үг хэллээ. Тэрээр:
-Би 18 хоног талбай дээр жагсаж байна. Яг одоо иргэд гадаа жагссаар байгаа. Гэвч олон цэргийн хувцастай хүмүүс хамгаалалтад гарчихсан байна. Сонсголд орж ирж үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуучуудыг цагдаагийнхан баривчлаад аваад явчихлаа. Энэ хүмүүс галзуу биш. Энэ хүмүүс Монгол Улсын иргэд. Ядарсан иргэд чинь тэсэхээ байгаад ордны үүдэнд 18 хоног хоносон юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар яагаад өнөөдрийн сонсголд оролцохгүй байгаа юм бэ. Би "Баян жагсагчдынх" нь төлөөлөл. Би баян жагсагч, яадаг юм. Монголын ард түмэн бүгд цөхөрсөн учир биднийг "Битгий бууж өгөөрэй, тэмцээрэй, энэ нийгмийг өөрчлөөрэй" гээд байгаа бүхнээ бариад ирсэн. Иргэд энд дуу хоолойгоо илэрхийлэх гэж ирсэн болохоос биш та нарын яриаг сонсох гэж ирээгүй.