/2021.08.26/ Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн.
Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс наймдугаар сарын 19-ний байдлаар 80.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хүндрэл гарч болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг, шалгалт хийхэд 13 барилга, байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээвэрт засвар хийх шаардлагатай байгаа аж.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхийг судалж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Өнгөрсөн өвөл их болон бага хэмжээгээр 41 удаа цас орж, зам, замын байгууламжийн халтиргаа, гулгаанд 3557 тонн давс, 2645 тонн бодис зарцуулжээ. Одоо 700 тонн давс, 1770 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Цаашид 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авах гэнэ.
Эх сурвалж: ulaanbaatar.mn