/2022.12.07/: Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3,678,800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.
Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.
Эх сурвалж: Дээд шүүх