/2022.11.03/: БНАСАУ орон өнөөдөр өглөө нэгэн үл мэдэгдэх баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS) мэдэгдсэн бөгөөд тухайн пуужин хойгийн зүүн хэсгийн усанд унасан гэж мэдэгдэв.
Энэхүү пуужин хөөргөлтөөс болж Японы хойд хэсэгт орших Мияги, Ямагата, Ниигата мужуудад нүүлгэн шилжүүлэх, анхааруулах дуут дохио өгчээ.
“Пуужин хөөргөсөн байна, пуужин хөөргөсөн байна. Энэхүү буужинг Хойд Солонгосоос харвасан гэж таамаглаж байна. Барилга эсвэл газар доогуур нуугдана уу" гэж Японы Ерөнхий сайдын ажлын алба твиттер хуудсандаа бичжээ.
Тэр жиргээний араас хэдэн минутын дараа дахин нэг жиргээ гарчээ. “Пуужин өнгөрлөө. Пуужин өглөөний 07:48 цагт Номхон далай ус руу унасан гэж таамаглаж байна. Хэрэв та ямар нэгэн сэжигтэй зүйл олж харвал ойртож болохгүй, цагдаа, гал түймрийн албанд яаралтай хандаарай" гэжээ.
Японы Ерөнхий сайдын албанаас эхлээд арлын дээгүүр ниссэн гэж мэдэгдсэн боловч Японы Батлан хамгаалах яам дүн шинжилгээ хийсний дараа нисээгүй гэж мэдэгджээ.
Энэ жил Хойд Солонгосын пуужин хөөргөсөн тоо баллистик болон далавчит пуужингуудыг оруулаад 30 болж байна. Энэхүү сүрдүүлсэн пуужин харвалт нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Суптай Пентагонд уулзахаас хэдэн цагийн өмнө болж байна.
Өчигдрөөс эхлэн Хойд Солонгос Солонгосын хойгийн зүүн болон баруун зүгт янз бүрийн төрлийн богино тусгалтай 23 пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Энэ нь Хойд Солонгосын ойрын тусгалын пуужингийн нэг өдрийн дотор харвасан хамгийн олон тооны пуужин байсан бөгөөд Солонгос хуваагдсанаас хойш анх удаагаа Өмнөд Солонгосын усан хилд ойртсон баллистик пуужин багтсан гэж JCS мэдээлэв.
Эх сурвалж: CNN