/2022.11.01/: Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлгийг тогтмол өгч байгаа.
Гэсэн хэдий ч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох өндөр магадлалтай байна.
Тухайлбал, “KK Park” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар Улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлж, тухайн газарт өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ.
Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд Та бүхэнд дахин анхааруулж байна.
Эх сурвалж: КОНСУЛЫН ГАЗАР