
/2022.11.01/: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Рамачандран Павит үг хэлж, баяр хүргэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж буй олон улсын байгууллагуудыг төлөөлөн хэлсэн үгэндээ тэрбээр Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан сүүлийн 30 жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарт томоохон дэмжлэг үзүүлж, нийт 4.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос 120 сая ам.долларыг Ковид-19 цар тахлын эсрэг арга хэмжээнд, мөн 100 сая ам.долларыг энэ онд төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосныг онцолсон юм.