/2022.10.31/: Ням гарагт Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид гүүр нурж, олон зуун хүн усанд унасны улмаас 60 гаруй хүн амь үрэгдлээ гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Морби хотын гүүрийг саяхан шинэчилсэн бөгөөд засгийн газар хэрэг явдал хэрхэн, яагаад болсныг шалгах болно гэж Гужрат мужийн Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн яамны Төрийн сайд Брижеш Мержа мэдэгдэв. Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэж тэр нэмж хэлэв.
Эмгэнэлт явдал болсон газраас NDTV-д ярилцлага өгөхдөө тэрээр гэмтсэн 17 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсан гэж УИХ-ын гишүүн Моханбхай Калянжи Кундария NDTV-д ярьжээ.
Энэтхэгийн Гужарат мужийн Ерөнхий сайд Бхупендра Пателийн хэлснээр тус улсын арми, тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчний бие бүрэлдэхүүн эрэн хайх, аврах ажиллагаанд тусалж байгаа аж.
Амиа алдагсдын ар гэрийнхэнд Ерөнхий сайдын үндэсний тусламжийн сангаас мөнгө олгоно гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэв. Моди твиттер хуудсандаа "Морбид болсон эмгэнэлт явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, аврах, тусламж үзүүлэх ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдэгджээ.
“Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Мужийн засгийн газар талийгаач бүрийн ар гэрийнхэнд 4 сая рупи, шархадсан хүмүүст 50,000 рупи өгнө” гэж Пател твиттер хуудсандаа бичжээ.
Гамшиг болох үед жуулчдын анхаарлыг татдаг гүүрэн дээр 150 гаруй хүн байсан гэж мужийн Дотоод хэргийн сайд Харш Сангави мэдэгдэв. 230 метр урт гүүр нь 19-р зуунд баригдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт засварын ажил хийсний дараа л олон нийтэд нээлттэй болсон байна.