/2022.10.31/: Сомали улсын нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй уулзвар дээр хоёр машин дэлбэрсний улмаас 100 хүн амь үрэгдлээ гэж Сомалийн ерөнхийлөгч мэдэгдлээ.
Энэхүү халдлага нь таван жилийн өмнө ачааны машин дэлбэлж 500 гаруй хүний амийг авч одсоноос хойшхи хамгийн том халдлага болоод байна.
Халдлагын улмаас 300 орчим хүн шархадсан бөгөөд тус улсын ерөнхийлөгч "Бид олон улсын түншүүд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа мусульманчуудаас эмч нараа энд илгээхийг хүсч байна, учир нь бид бүх хохирогчдыг гадаадад эмчилгээнд явуулах боломжгүй" гэв.
Нийслэл хотод болсон халдлагыг тус улсын томоохон хэсгийг хянадаг Аль-Каидатай холбоотой хэт даврагч Аль-Шабаб бүлэглэл хариуцлагыг өөртөө хүлээж, зорилго нь боловсролын яам руу цохилт өгөх байсан гэж мэдэгджээ.
Тус бүлэглэл улс орныг Исламын хуулиар удирдуулах хүртэл тулалдах болно гэдгээ мэдэгдэж, энгийн иргэдийг засгийн газрын бүс нутгаас хол байхыг хүссэн байна.
Эх сурвалж: Apnews