/2022.10.13/: Нарс модны үртсээр гарган авсан экологийн цэвэр шахмал түлшийг Монголын зах зээлд нийлүүлж байгаа талаар Монгол, Оросын компанийн хамтарсан төлөөлөл мэдээлэл хийлээ.
ОХУ-ын "Элит" компани цутгасан модон эдлэл, тавилгын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэдэг байна. Энэхүү компани Монгол Улсын "Саян Уран мандал" компанитай хамтран экологийн цэвэр шахмал түлшийг Монголд энэ оны есдүгээр сараас эхлэн зах зээлд борлуулж эхэлжээ.
Энэхүү экологийн цэвэр шахмал түлш нь нэг савлагаандаа 12 ширхэгтэй бөгөөд 15,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бөөний үнээрээ 13,000 төгрөг гэдгийг хурлын үеэр дурдлаа. Тус шахмал түлш нийслэл хотын ихэнх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байна.
ОХУ-ын Элит компанийн Ерөнхий захирал Киселёв Юрий Вячеславович "Манай компани мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн.
Нарс модоор бэлтгэсэн бүтээгдэхүүн маань нүүрстэй харьцуулахад хор нөлөө нь 50 дахин бага. Бүх төрлийн зууханд ашиглаж болно. Гурван ширхэг түлшийг шатаахад л гурван цаг гучин минутын хугацаанд ямар ч талбайг 60-80 градусаар халаадаг. Мөн ямар нэгэн үнс, хог хаягдал гардаггүй. Манай байгууллагаас гаргаж буй бүтээгдэхүүн Хятад болон Солонгос улсын зах зээлд нийлүүлэгддэг. Монголын ард түмнийг уушгинд хор хөнөөл багатай эко бүтээгдэхүүнийг ашиглана гэдэгт итгэлтэй байна.
Энэ бүтээгдэхүүний нэг тонн нь таван тонн модтой тэнцэх хэмжээнд үйлдвэрлэгдсэн. Хүн болон байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөл байхгүй. Шатаж байх явцдаа 0.1 хувийн утаа гаргадаг. Нарс модны үртсийг дулааны аргаар шахаж гаргасан бүтээгдэхүүн юм" хэмээлээ.
Саян Уран мандал компанийн борлуулалтын менежер Н.Ууганбаяр "Энэ бүтээгдэхүүнийг Монголын нарс модоор биш ОХУ-ын хамгийн том мебелийн үйлдвэрээс гаргасан нарс модны үртсийг ашиглаж хийсэн. Монголын зах зээлд борлуулагдаад удаагүй байгаа. Ойролцоогоор 4-5 цэгт борлуулагдаж байна. Бид бүтээгдэхүүнийг гадаа салхитай өдөр задгай тулганд шатааж үзэхэд нэг ширхэг нь цаг гучин минутаас цаг тавин минутын хооронд бүрэн шатаж дуусаж байсан. Уг бүтээгдэхүүн гаалийн төв лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын стандарт, ой мод судлалын хүрээлэн, ашигт малтмал газрын тосны техникийн шинжилгээнүүдэд бүрэн хамрагдсан. Энэхүү шахмал түлшний илчлэгийн хэмжээ 4246 килокалори, чийгшил 11.4 хувь, үлдэх үнс 0.5 хувь, бат бөх чанар 99 хувьтай байна. Манай улсаас утаагүй, аюулгүй байх шаардлагыг тавьж байгаа" гэлээ.