/2021.08.22/ Итали улсад орших үйлдвэрийн гэрээт ажилтан ТикТок платформ дээр хурдацтай өсөн дэвшиж буй уран бүтээлч болсон түүхийг хуваалцъя.
2020 оны гуравдугаар сард Итали улсын нэгэн үйлдвэрт цагийн ажилтан хийдэг байсан залуу Кабанэ Лэйм орон тооны цомхотголд оржээ.
Ажил хайж, гэртээ байх хугацаандаа тэрээр Каби Лэйм нэрээр Тикток аппликэйшн дээр богино хэмжээний бичлэг хийх болсон байна.
Бичлэгийн агуулга тун энгийн. Өдөр тутмын амьдралд хийдэг зүйлсийг хэцүү болгож байгаа хүмүүсийг "ёгтлон" энгийн аргаар хийх боломжтойг харуулдаг. Гол нь Каби ямар ч үг хэлдэггүй, хөгжилтэй царай гаргадаг нь олны нүдэнд ихээр өртсөн юм.
Жишээ нь: Гадил жимсний хальсыг хутгаар хальсалж буй бичлэгийг үзсэнийхээ дараа "Даанч яав даа. Энийг чинь ингээд л болно шүү дээ." гэх царай гаргаж том алгаа хавсарч орхиод, нүдээ эргэлдүүлэн өөрөө гадил жимсийг хальсалж үзүүлнэ.
"Миний нүүр царай, царайны хувирал илэрхийлэл хүмүүсийг инээлгэдэг. Үг дуу гаргахгүй хэрнээ хариу үйлдэл үзүүлж байгаа маань "дэлхийн хэл" болж өгдөг." хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
Хэдхэн сарын өмнө тэрээр ажилгүй, гэртээ суудаг. Өдөр бүр ажлын байр хайдаг нэгэн байсан бол одоо Тикток аппликэйшн дээр 100 сая гаруй дагагчтай, бүтэн цагийн ажилтай нэгэн болжээ. Түүний фэн хуудас зөвхөн Итали улсад байдаггүй, Их Британи, Герман, Араб, Португал гэх мэт улсын цахим хуудсанд байдаг. Мөн улс бүрд олон дагагчтай хүмүүс түүнтэй холбогдож хамтран ажиллах санал тавих болжээ.
Мөн түүнийг The New York Times сайт дээр онцолсноор амжилт нь улам баталгаажсан юм.
Ийн бодоход хөл хорио бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийг хурцалж өгсөн өдрүүд байсан мэт санагдана.