/2021.8.20, Афганистан/ Талибанууд засгийн эрхийг нь авсан тул, нутгаа орхихыг хүссэн олон мянган афган иргэд нийслэл Кабул хотынхоо онгоцны буудалд хэдэн мянгаараа очсон хэвээр байна.
Тэд ямар ч аргаар хамаагүй улсаасаа гарахыг хүсэж, зарим нь нялх хүүхдүүдээ хашаа давуулан америк цэргүүдэд өгч байгаа өр өвтгөм бичлэг олон сайтуудад нийтлэгджээ.
Цугласан олныг тараах гэсэн талибуудын буун дуу тасрахгүй байна. Нэгэн эмэгтэй BBC-д өгсөн ярилцлагадаа "Би визатай байсан тул онгоцны буудал очсон. Гэтэл талибын цэргүүд над руу "яагаад эрэгтэй хүнгүй ганцаараа явж байгаа юм" гэх мэтээр хашгичиж, миний дээгүүр буудсан. Маш аймшигтай, яг л хар дарсан зүүд шиг" хэмээжээ.
Орон нутгаар тархсан талибын байлдагчид бэлэвсэн эмэгтэйгээс өөрсдийг нь хооллохыг шаардаж, хоол байхгүй гэсэн хариу сонссон даруйдаа ака буугаар хүүхдийнх нь нүдэн дээр зодож алсан хэрэг ч гараад байгаа юм.