/20222.09.20/: Тегеран хотын цагдаагийн дарга баривчлагдсан эмэгтэйн үхэл нь "золгүй явдал" байсан гэж мэдэгдэв.
Тэрхүү эмэгтэйг ёс суртахууны цагдаа нар мягмар гарагт Тегеран хотын метроны буудлын гадаа саатуулжээ. Тэд түүнийг үсээ ороох болон гар, хөлөө хувцасаар халхлах хууль зөрчсөн гэж буруутгажээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр түүнийг цагдаагийн фургон дотор байхад нь зодож, цагдан хорих төвд хүргэсэн байна.
Цагдаа нар энэ мэдэгдлийг эрс няцааж, түүнийг бусад эмэгтэйчүүдтэй хамт байхдаа "гэнэтийн зүрхний дутагдалд орсон" гэж мэдэгджээ.
Гэрчүүд түүнийг цагдаа нар зодсон гэж буруутгаж байсан ч цагдаагийн бригад генерал Хоссейн Рахими няцаажээ.
Хатагтай Амини баасан гарагт гурван хоног комд хэвтсэний эцэст эмнэлэгт нас барсан бөгөөд түүний үхэл Ираны нийслэл болон баруун хэсэгт эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлсэн байна. Даваа гарагт жагсагчид цагдаа нартай мөргөлдөж хоёр хүн амиа алдсан байна.
Дотоод хэргийн сайд бямба гарагт хэлэхдээ, хатагтай Амини "өмнө нь эрүүл мэндийн асуудалтай байсан" гэж мэдэгдэв.
Гэсэн хэдий ч түүний аав ням гарагт шинэчлэлийг дэмжигч талын мэдээллийн хэрэгслүүдэд түүнийг "бие чийрэг байсан, эрүүл мэндийн ямар ч асуудалгүй" гэж хэлсэн юм. Тэрээр охиных нь хөл хөхөрсөн байсан бөгөөд камерын бичлэгт болсон явдлыг эвлүүлснээр нь хүмүүст харуулсан гэжээ.
Даваа гарагт Бриг-ген Рахими хатагтай Аминигийн гэр бүлд харамсаж буйгаа илэрхийлсэн ч түүнд бие махбодид гэмтэл учруулаагүй гэж мэдэгджээ.
“Цагдаа нар ажилдаа хайхрамжгүй хандаагүй, зүй бус үйлдэл гаргаагүй нь нотлох баримтаас харагдаж байна” гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдэв.
Өнгөрөгч бямба гарагт түүнийг оршуулах ёслолын дараа Сакез хотод эсэргүүцлийн жагсаал болж, хамгаалалтын албаныхан жагссан олон хүн рүү гал нээсэн юм.
Мөн бямба, ням гарагт Курдистаны нийслэл Санандаж хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ.
Курдын хүний эрхийн байгууллага Хенгау ням гарагт хоёр хотод дор хаяж 38 хүн шархадсан гэж мэдэгдэв.
Сакез болон Санандажийн хооронд орших Дивандаррех хотод даваа гарагт болсон мөргөлдөөний дараа хоёр жагсагч амиа алдсан тухай Хенгав мэдээлэв. Түүнчлэн Баруун Азербайжан мужийн Букан хотод 10 настай охин толгойдоо буудуулж амиа алдсан байна.
Эх сурвалж: ВВС