/2022.09.20/: Даваа гарагт Японы баруун өмнөд хэсгээр хүчтэй хар салхи дайрч, аадар бороо орсны улмаас хоёр хүн амь насаа алджээ.
Нанмадол хар салхины үеэр үер бууж, цахилгааны шугам тасарснаас олон сая хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Ням гарагийн орой шуурга суларсан ч тус бүс нутгийн зарим хэсэгт 200 миллиметр хур тунадас орж, Токио зэрэг томоохон хотуудад бороо орох төлөвтэй байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Даваа гарагт хар салхи Японы тэнгисийн дээгүүр зүүн-зүүн хойд зүгт, баруун Кинки мужийн нэг хэсэг болох Киото мужийн Майзүрү хотоос баруун хойд зүгт 100 км-ийн зайд 35 км/цагийн хурдтай байжээ. Агаар мандлын төв даралт 980 гектопаскаль байсан хар салхины хурд секундэд 30-40 метр хүрч байсан гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Даваа гарагт хар салхи Кюүшю мужийг дайран өнгөрсний улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн нэг нь Миязаки мужид автомашинтайгаа живж амиа алдсан байжээ.
Цагдаа нар болон бусад эх сурвалжийн мэдээлснээр уулын хажуугийн байшин үерт урсаж, 41 настай эрэгтэй мөн амиа алдсан байна.
Одоогийн байдлаар 115 хүн шархадсан байна гэж NHK мэдээлэв.
Хар салхины улмаас хөрсний гулгалт үүсч, байшин барилгуудын ханыг нурааж, цахилгааны шугамыг гэмтээсэн байна. Даваа гарагийн үдээс хойш гэхэд 286,000 орчим өрх гэрэл цахилгаангүй болсон байна.
Мягмар гарагт салхины хурд Чугоку болон төвийн Хокурику мужид секундэд 40 метр, Токай, Кинки, Шикоку, Тохоку, Хоккайдогийн хамгийн хойд муж, зүүн Канто муж болон бусад нутгаар секундэд 35 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Далайн эрэг дагуух далайн давалгааны өндөр нь Кинки, Чугокуд 8 метр, Токай болон хойд Кюсюд 7 метр, Хоккайдо, Тохоку, Канто, Хокурикуд 6 метр хүрч байгаа аж.
Өнөөдөр орой Токайд 200 миллиметр, Тохоку, Канто, Кошин, Хокурикуд 150 миллиметр, Хоккайдод 120 миллиметр, Кинкид 100 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.
Газрын яамны ажилтан Ёшиюки Тоёогучи сэтгүүлчдэд хэлэхдээ "Угаас бороо ихтэй байгаа тул бага хэмжээний хур тунадас ч усны түвшин нэмэгдэхэд хүргэж болзошгүй тул үер, хөрсний гулгалтаас сэрэмжтэй байгаарай" гэж анхаарууллаа.
Тус улсын агаарын тээврийн хоёр гол тээвэрлэгч болох ANA Holdings болон Japan Airlines 800 орчим нислэгээ цуцалжээ. Токио, Осака, Фукуока зэрэг олон улсын нисэх онгоцны буудлуудад 400 гаруй нислэг цуцлагдсан гэж FlightAware.com хяналтын үйлчилгээ мэдээллээ.
Нөлөөлөлд өртсөн бүс нутгийн эдийн засгийн төвүүдийн хооронд өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ. Японы төв төмөр зам болон Кюүшюгийн төмөр замын мэдээлснээр даваа гарагт Кюүшюү болон Хирошима, Фукуокагийн хооронд хурдан галт тэрэг яваагүй байна.
Мөн Нагоя-Токиогийн хоорондох галт тэрэгний тоог эрс багасгахаар төлөвлөжээ.
Тоёота Мотор Корпораци даваа гарагт дотоодын 12 үйлдвэрийнхээ 24 шугамын шөнийн ээлжийг түр зогсоосон тухай компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд, тус компани илүү цагаар ажиллаж, амралтын өдрүүдээр ажилласнаар алдагдсан үйлдвэрлэлээ нөхөхөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: NHK