/2022.09.14/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяныг зохион байгуулж байна.
Үүний хүрээнд зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байгаа ажээ. Харин энэ удаад ерөнхий боловсролын сургууль орчмын хүнсний дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийсэн байна.
Ингэхэд, Зарим хүнсний бүтээгдэхүүн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангахгүй зөрчил дутагдал нийтлэг илэрчээ. Тодруулбал, наполеон тоорт, хотдог, ороомог зэрэг бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын мэдээлэл уншигдах боломжгүй, ил тод биш байгаа зэрэг зөрчил, дутагдлууд гарсан байна.
Тиймээс хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, зөрчил илэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэх албан шаардлага хүргүүлжээ.