/2022.09.14/: Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн дөрвөн жингийн барилдаан явагдсан бөгөөд Монголын хоёр бөх аваргын төлөө хүч үзэхээр шалгараад байна.
Эмэгтэй бөхийн 50 кг-д Д.Отгонжаргал Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Иммаеваг цэвэр, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Румыний А.Вукийг мөн цэвэр, хагас шигшээд дэлхийн аваргын хошой мөнгө, олимпын хүрэл медальт Америкийн С.Хилдебрандтыг 6:2-оор ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Түүнийг финалд Японы бөх, олимп, дэлхийн аварга Ю.Сүсаки хүлээж байна.
Д.Отгонжаргалын хувьд өнгөрсөн жил Ослогийн ДАШТ-ээс 20 насандаа хүрэл медаль хүртэж, МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмын шилдэг залуу тамирчны шагналыг хүртэж байв.
Түүнчлэн ДАШТ-д анх удаа зодоглож буй залуу тамирчин Б.Хулан учраа бүрээ буулгаж авсаар шигшээд шалгараад байна. Манай бөх эхлээд дэлхийн аваргын хүрэл медальт энэтхэг бөх В.Погатыг 7:0-ээр, дараа нь дэлхийн мөнгө, хүрэл медальт Казахстаны Ж.Эшимоваг 3:0, Азербайжаны Л.Гурбановаг 4:1-ээр, хагас шигшээд Европын аварга швед бөх Й.Малгренийг цэвэр дарснаар алтын төлөө барилдах эрхтэй болов. Тэрбээр аваргын төлөө Америкийн Д.Пэрриштэй барилдана.
Аваргын төлөө барилдаан Улаанбаатарын цагаар маргааш шөнийн 00:00 цагаас эхэлнэ.
Эх сурвалж: МҮОХ