148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана

/2022.09.02/: Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүн ам ихээр шилжин ирж, Хан-Уул дүүрэгт барилга орон сууц олноороо баригдаж байгаагаас шалтгаалан сургуулийн ачаалал өндөр байдаг.

Түүнчлэн хүүхэд олон байхын хэрээр сургалтын чанар хөндөгддөг. Тиймээс хотын төв болоод захын сургуулийн сургалтын чанарыг нэг түвшинд байлгах, сурагчдын чадварыг хөгжүүлэх чиглэлд шинэ алхам хийж эхлээд байна.

Нийслэлийн 148 дугаар сургуульд энэ жилээс эхлэн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заах шинэ зохицуулалтыг эхлүүлжээ. Тус сургуулийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд, салбарын сайд, Хотын дарга нар танилцлаа.

Тус сургуулийн математикийн багш Д.Хасбаяр “Хотын төвийн сургууль болон хөдөөгийн, захын гэр хорооллын сургуулийн сургалтын түвшин харилцан адилгүй байна. Боловсролыг адил тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхааралтай ажиллах шаардлага тулгараад байна. Энэ бүхэн ЭЕШ, зарим уралдаан тэмцээн, олимпиадын дүнгээс харагдаж байгаа. Миний бие захын хорооллын хүүхдүүдэд туслахын тулд энэ сургуульд багшлахаар ирсэн” гэв.

Физикийн багш Б.Амаржаргал “Миний даасан ангид 11 дүгээр сургуулиас болон 148 дугаар сургуулиас сонгогдсон хүүхдүүд нэг бүлэг болон хичээллэж байгаа. Сонгон суралцах анги гэсэн үг. Одоогоор манай анги 17 сурагчтай хичээллэж байна. Багш нар бид болон сурагчид маань 11 дүгээр сургуулийн чадварлаг багш нараасаа суралцах болсондоо маш их баяртай байна. Боловсролын чанар сайтай сургуулийн багш нарыг захын дүүргүүдийн сургууль руу хуваарилах шийдвэрийг зөв гэж бодож байна. Манай сургууль энэ тал дээр анхдагч болж байгаад баяртай байна” гэсэн юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:

-Цаашдаа бид боловсролын хүртээмж төдийгүй чанарт анхаарах хэрэгтэйг олон жишээ харуулж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод математикийн сургалтаар тэргүүлэгч 11 дүгээр сургуулийн сургалтын технологийг Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд хүргэх шинэ зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн салбар бүлгийг нээж, 11 дүгээр сургуулийн багш нар ирж хичээл заахаар болсон. Баянзүрх дүүрэг бол хүн ам, газар нутгийн хувьд хамгийн том дүүрэг. Тус дүүрэгт математикийн сайн сургалтыг хүргэх зохицуулалт сайн үр дүн авчирна гэж итгэж байна. Энэ зохицуулалт төвлөрлийг сааруулах зорилгод ч ахиц авчирна. Цаашид судалгаа, тооцоонд үндэслэн чанартай сургалтыг захын бүсэд хүргэх ажлыг үе шаттай хийнэ” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр бага зэргийн бороотой, 21 хэмийн дулаан байна
Өнөөдөр бага зэргийн бороотой, 21 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.