/2022.08.25/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-ҮХЦ-ийн шийдвэр УИХ-ыг Үндсэн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт хийх гарцаагүй байдалд оруулчихлаа. ҮХЦ гэдэг байгууллага дуртай үедээ Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, халдаж байдаг энэ байдлыг хатуу хязгаарласан ямар зохицуулалт хийсэн бэ гэж би та бүгдээс асуусан. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд ҮХЦ-ийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үүнээс хойш 3 жил болох гэж байна. Энэ хугацаанд таг байж байснаа гэнэт гарч ирээд Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгож байна. Цаашид ҮХЦ ийм шийдвэр гаргаад байж таарахгүй. Тиймээс үүн дээр ямар зохицуулалт хийснээ тодорхой хэлж өгөөч.
Үүнээс гадна сүүлийн үед УИХ-д байдаг, Монгол Улсын том орд баялгийг авчихсан, дангаараа нэг гэр бүл цөлмөж байгаа, цаашилбал төрийн албыг төрлийн алба болгогсод намайг хөгжлийн том төслийг гацаагч мэтээр дайраад байх боллоо байна. Улсын хөрөнгийг аваачиж далдалсан оффшорчид гээд элдвийн юмнууд саагилдаад байна. Тиймээс энэ улсуудтай эцсээ хүртэл хатуу тэмцэнэ. 20-иод жил би ард түмний төлөө зөвийн талд зогсож ирсэн. Тийм учраас 2024 он хүртэлх бүрэн эрхийнхээ хугацаанд энэ нөхдүүдтэй үзнэ.