/2022.8.15/ Технологийн компаниуд шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа ганц хоёр шинэчлэгдсэн загвараа танилцуулаад өнгөрдөг өдрүүд ард хоцорч байгаа бололтой.
Ингэж хэлэхийн учир юун гэвэл өнгөрсөн Баасан гарагт Xiaomi компани дэлгэгддэг ухаалаг утас болох Mi Mix Fold 2 загвараа танилцуулсны дараа тус компанийн ээлжит шинэ бүтээл болох CyberOne робот тайзан дээр гарч ирж, компанийн гүйцэтгэх захирал Лей Жунтэй мэндчилэн, түүнд цэцэг гардуулжээ.
Өнгөц харахад CyberOne нь мэдээж Boston Dynamics-ийн Atlas, эсвэл Agility Robotics-ийн Digit зэрэг супер роботуудын хөдөлгөөнийг гүйцэхээргүй харагдаж байсан ч Xiaomi-ийн анхны бүтээл гэхэд тун дажгүй хүн дүрст робот байсныг энд дурдах нь зүйтэй.
Анх робот тоос сорогчоос эхэлж байсан тус компани өнгөрсөн жил CyberDog нэртэй робот нохой танилцуулж байв. Харин энэ удаа хоёр хөл дээрээ явдаг шинэ робот танилцуулсан нь Xiaomi-гийн роботын салбар дахь амбиц улам нэмэгдсээр байгааг харуулж байгаа юм.
Гэхдээ урьд нь Samsung болон LG компаниуд ч шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнийхээ үеэр робот гаргаж ирж байсан ч үргэлжлүүлэн хөгжүүлж, ахисан түвшинд гаргаагүй. Ингээд бодвол CyberOne цаашид улам төгөлдөржиж, супер робот болох эсвэл нэг удаагийн үзүүлбэрийн баатар болж үлдэх эсэхийг одоогоор хэлэхэд эрт байна.
I was both nervous and thrilled to interact with him on stage. What did you think of his performance tonight? #CyberOne pic.twitter.com/Je1eXDYEGR
— leijun (@leijun) August 11, 2022
Компанийн захирал Лей Жун ч энэ боломжийг ашиглан, хөрөнгө оруулалтын чиглэлээ танилцуулаад авсан.
“CyberOne роботын хиймэл оюун ухаан болоод механикийн бүх үйлдлийг Xiaomi Robotics Lab өөрөө хөгжүүлсэн. Бид сүүлийн жилүүдэд программ хангамж, техник хангамж, алгоритмын шинэчлэлд чиглэсэн судалгаа шинжилгээнд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Түүний дурдсан судалгаа хөгжүүлэлтийн чиглэлүүд нь асар өргөн цар хүрээг хамарч байгаа юм. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар хүний сэтгэл хөдлөлийг унших чадвар ч үүнд нь багтаж байгаа аж.
“Хүн төрхт роботууд орчин тойрноо мэдрэхийн тулд дүрс хараа ашигладаг. CyberOne робот нь манай өөрийн хөгжүүлсэн Mi-Sense гүн харааны мэдрэгч модуль болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар орчноо 3 хэмжээстэйгээр мэдрэх, хүмүүсийг таних, тэдний дохио зангаа, биеийн болон царайны хэлэмж зэргийг ойлгож чадна.
Өөрөөр хэлбэл, орчноо зөвхөн мэдрээд зогсохгүй, түүнд зохицуулан сэтгэн бодох чадвартай. Хүрээлэн буй орчинтойгоо харилцахад нь зориулан түүнд MiAI орчин таних систем, MiAI дуу хоолойн таних систем хөгжүүлж өгсөн. CyberOne нь 85 төрлийн байгалийн дуу чимээ болон хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой 45 төрлийн дуу авиаг ойлгож чадна. Тиймээс CyberOne хүний аз жаргалтай байгааг мэдэрч, мөн гунигтай байгаа хүнийг тайтгаруулах чадвартай.
Энэ бүх чадваруудыг CyberOne роботын төв компьютерт суулгаж өгсөн байгаа ба төв комьютерт боловсруулагдаж байгаа мэдээллүүдийг хүнхэр OLEDдэлгэцээр нь real-time буюу тухайн цаг мөчид нь унших боломжтой” хэмээн компанийн албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн бодит орчинд хийх чадвартай олон үйлдлүүд байгаа бөгөөд үйлдвэрийн орчинд ажилтанд туслах боломжтой талаар ч дурдагдсан байна. Ирээдүйд энэхүү робот олон зүйл хийх чадвартай болох нь дамжиггүй ч, өнгөрсөн Баасан гарагт тайзан дээр гарч ирсэн роботыг илүү олон жил сайжруулан хөгжүүлж байж тэрхүү түвшинд хүрэхээр харагдаж байна.
Гэхдээ одоогийн байдлаар инженер техникийн ажилтнууд хөшигний ард ажлаа хийж байх зуур CyberOne тайзан дээр Xiaomi брэндийн төлөөлөгч гарч ирсэн нь тэдний хувьд томоохон амжилт гэж тооцогдох нь гарцаагүй юм.
Эх сурвалж: https://techcrunch.com/2022/08/11/meet-xiaomis-new-humanoid-robot-cyberone/?utm_source=tldrnewsletter