Энэ оны аравдугаар сарын 11-нд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Иволгын дүүрэгт “Тапхарын өндөрлөг” (Плато Тапхар) нэртэй экологийн аяллын шинэ жимийг албан ёсоор нээжээ. Уг маршрутыг ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яам болон Алс Дорнод, Арктикийн хөгжлийн корпорацын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Алс Дорнодын жим” төслийн хүрээнд байгуулсан байна.
Уг төслийн хүрээнд хийгдсэн экологийн аялал жуулчлалын бүс бөгөөд нийт 4.5 км урттай чулуун зам, амралтын бүс, дорнын зурхайн 12 амьтны хүрэл баримал, үүдний харуулууд болон уран барималч Даши Намдаковын бүтээсэн есөн метр өндөр хүрэл “Хамгаалагч” бүтээл багтсан аж.
Үүнээс онцлох бүтээл болох "Хамгаалагч" нэртэй уг хөшөө олны шүүмжлэлийг дагуулаад байна. Харин нээлтийн ёслолын үеэр тус бүтээлийн талаар Зүүн Сибирийн улсын соёл, урлагийн дээд сургуулийн музей судлал, өвийн тэнхимийн дэд профессор, хөтөч тайлбарлагч Чингис Аханнянов “Чингис хааны өндөрлөг” гэх нэр нь Чингис хааныг Иволгын хөндийд ирж байсан тухай нутгийн домогтой холбоотойг тайлбарлажээ.
Домгийн нэг хувилбараар, Чингис хааны өргөө, цэргийн байрлалын нэг нь энэ орчимд байсан байж болзошгүй аж. Гэхдээ энэ таамгийг батлах түүхэн баримт одоогоор байхгүй гэдгийг тэрбээр онцолсон байна.
Тапхарын өндөрлөг нь Улаан-Үд хотоос ойролцоогоор 20–26 км зайд, Иволгын дацан руу явах замын дагуу байрладаг. Тус газарт эртний булш бунхан, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, хадны сүг зураг, мөн буддын болон бөө мөргөлийн шүтээнүүд бий.
Тохижилтын ажлыг хийхдээ байгалийн тогтоцыг аль болох хэвээр хадгалах зарчим баримталснаа төслийг хэрэгжүүлэгчид мэдэгдсэн байна. Тухайлбал, явган замуудыг өмнө нь байсан жимээр гаргаж, баримлуудыг гол төлөв тухайн газрын байгалийн хад чулуун дээр байрлуулжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.