АНУ-ын Корнеллийн их сургуулийн долоон оюутныг холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт шалгагдаж буй этгээдийн өмгөөлөгч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хэвлэл мэдээлэлд мэдээлэл хийхийг хязгаарлуулах хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Хариуцагч Диего Сарабиагийн өмгөөлөгчид гомдол гаргагчийн өмгөөлөгч Томас Жиуффра хэргийг хэвлэл мэдээллээр олон нийтэд ил тод ярьж байгаа нь тангарагтны шүүхийн шүүгчдэд нөлөөлж, шүүх хурлын шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна.
Тэд Жиуффрагийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, олон нийтэд хийсэн мэдэгдлүүдээс 24 гаруй жишээ дурдан, шүүхээс мэдэгдэл хийхийг нь хязгаарлах захирамж гаргахыг хүсжээ. Тэдний тайлбарласнаар Жиуффра хэвлэл мэдээлэлд олон удаа ярилцлага өгч, Корнеллийн их сургуулийг хэргийг нуун дарагдуулсан гэж буруутган, нотлох баримт устгасан байж болзошгүй талаар ярьсан байна. Мөн уг хэрэгт өөр эрэгтэй оюутнууд оролцсон байж болзошгүй гэх байр суурь мөн илэрхийлжээ.
Харин гомдол гаргагчийн өмгөөлөгч уг хүсэлтийг эсэргүүцэн, энэхүү үйлдэл нь өөрийг нь болон үйлчлүүлэгчийг нь дуугүй болгох гэсэн оролдлого хэмээн эсэргүүцсэн байна. Тэрбээр эсрэг талын өмгөөлөгчдийг ч мөн нууцад хамаарах баримт бичиг задруулж, хэвлэл мэдээллээр дамжуулан хэрэгт нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгажээ.
Хэргийг хариуцаж буй шүүгч Федра Перри-Бонд олон нийтийн маргаан хурцдаж, шүүхийн баримт бичигт буруу хаяг бичигдсэний улмаас хэрэгт огт холбоогүй нэг хүн заналхийлэлд өртсөнтэй холбоотойгоор зарим баримт бичгийг нууцлах шийдвэр гаргаад байгаа аж.
Уг хэрэгтэй холбогдуулан Корнеллийн их сургуулийн оюутнууд, багш нар болон төгсөгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, сургуулийн удирдлагаас тодорхой арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ. Тухайлбал, сургууль тухайн гомдлыг хэрхэн шалгаж, шийдвэрлэсэн үйл явцыг гаднын байгууллагаар нягтлуулж, бэлгийн хүчирхийллийн хэрэгт ногдуулах арга хэмжээг тодорхой болгох, мөн сургуулийн Майкл Котликофф болон бусад удирдлагыг огцрохыг шаарджээ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.