
Хятад улс дотоодын шатахууны нөөцөө хамгаалах зорилгоор энэ сард газрын тосны бүтээгдэхүүний экспортоо түр зогсоосон талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Хятадын төрийн өмчит газрын тосны томоохон компани болох “Петро Чайна” аравдугаар сард хийхээр төлөвлөж байсан бензин болон онгоцны түлшний хэд хэдэн тээвэрлэлтийг цуцалсан байна. Мөн салбарын том төлөөлөл болох “Жэжян Петрокемикал” компани Хятадын “Алтан долоо хоног”-ийн баярын үе буюу 10-р сарын 1–7-ны хооронд газрын тосны бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөөгүй байна.Одоогоор Бээжингээс 10-р сарын 7-ны дараа шатахууны экспортыг дахин зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Дотоодын нөөцөө хамгаалж байна
Хятад улс гуравдугаар сард Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд хүндрэл үүссэний дараа шатахууны экспортод хязгаарлалт тавьж байв. Харин долоодугаар сард эдгээр хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж, дизель, бензин болон онгоцны түлшний экспортыг сар бүр зохицуулахаар болсон. Гэвч аравдугаар сарын эхээр эхэлсэн долоо хоногийн үндэсний баярын үеэр Хятадын томоохон боловсруулах үйлдвэрүүдэд Хонконг, Макаогаас бусад чиглэлд шатахуун экспортлох зөвшөөрөл олгоогүй юм.
Энэ нь дэлхийн хэмжээнд аль хэдийн хязгаарлагдмал байгаа шатахууны нийлүүлэлтэд нэмэлт дарамт үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн Хятадын эрчим хүчний судалгааны албаны дарга Михал Мейдан Ройтерс-д хэлэхдээ “Энэ шийдвэр нь Хятадын Засгийн газар дотоодын эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг олон улсын зах зээлээс илүү чухалчилж байгааг харуулж байна₮ гэжээ.
Дизель түлшний зах зээлд дарамт нэмэгдэнэ
Хятадын шатахууны экспортын хязгаарлалт нь Оросын дизель түлшний экспортын хориг болон Ойрхи Дорнодын газрын тос боловсруулах хүчин чадалд гарсан хүндрэлтэй давхцаж байна. Ройтерсын мэдээлснээр дэлхийн дизель түлшний зах зээл хэдийнэ нийлүүлэлтийн хомсдолтой байгаа бөгөөд Хятад экспортдоо дахин хязгаарлалт тавьснаар нөхцөл байдал улам чангарч болзошгүй.
Хятад улс дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах хүчин чадалтай орон учраас тус улсын экспортын хэмжээ буурах нь Азийн төдийгүй дэлхийн шатахууны зах зээлд нөлөөлөх боломжтой.
Эх сурвалж: Ройтерс
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.