Татвараа бодитоор бууруул, Ерөнхий сайд аа!
 

Татвараа бодитоор бууруул, Ерөнхий сайд аа!

Нэмсэн татварууд утгаа алдаж, ард иргэдийн амьдрал инфляцид бүрэн идэгдэж дууслаа. 2016 онд Засгийн эрх авсан МАН-ын Ерөнхий сайдууд болох Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газрууд өөр өөрийн засаглах хугацаандаа ХХОАТ-ыг 25%, НДШ-ийг Ажилтан, ажил олгогч адил бараг 50%, Автомашины татварыг 70%, үл хөдлөх, газар, Нийслэл хотын бүх төрлийн албан татварыг 50 хувиар тус тус нэмсэн.

Хамгийн гомдмоор нь НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг 5 хувь цаашлаад 100 хувь буцаан олгох тухай Г.Занданшатар попорсон нь одоо цаасан дээр хараар бичигдэн түүх болон үлджээ. Харин хоёр ч Засгийн газар дамнан ажилласан Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ыг иргэдийн гарт буцаахдаа хувь хэмжээг нэмэх боломжгүй. Энэ татварыг төсөвт суулгаж, ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин тавихад зарцуулна” гэв. Уг нь НӨАТ бол иргэн татвар төлснийг баримтжуулсан төдий 10 хувийн нэмэгдэл төлбөр. Бусад улсад энэ мөнгийг иргэнд шууд буцаан олгодог бол Монгол Улс хоёр хувийг нь өгч, сугалаа нэрээр нүд хууран үлдсэнийг нь төсвийн зарцуулалт нэрээр аваад цааш оддог.

Цалин нь хүрдэггүй ажилтан, хүнээ авч чаддаггүй ажлын байр.. НДШ, ХХОАТ-ын дарамт

Ажилтан, ажил олгогч цалин, ажил хоёртойгоо золгох төвөгтэй болсон. Бүр асар хүнд болсон. Би ажил олгогч байя гэж бодоход, нэг ажилтанд 2,000,000 сая төгрөгийн бэлэн цалин тавихын тулд ажилтнаас 12%, байгууллагаас 12, мөн нэмээд Нийгмийн даатгалын санд 12 хувь гээд зөвхөн НДШ-д 36 хувийн асар өндөр татвар, сул мөнгө өгч байна. Үүн дээр, ХАОАТ, Эрүүл мэнд, татварын 1 хувийн шимтгэл бас орно. МАН өнгөрсөн 12 жилийн засаглалын түүхэндээ татвар, хураамж нэмэхгүй гэж “бүлт үсэрдэг” боловч жилээс жилд, сонгуулиас сонгуульд ялах бүртээ аажмаар, бага багаар татвар нэмсээр одоо үнэндээ хувийн хэвшил тэр дундаа жижиг, дунд бизнесүүд хаалгаа барьж дампуурахаас аргагүй болж байна.

Үүнийг одоогийн Ерөнхий сайд Н.Учрал анзаарч тоолгүй ямар ч тооцоо судалгаа, бодоогүй сонгуулийн амлалт шиг “Цалинг бүр их нэмнэ” гэж цогшиж гал авалцсан инфляцийнхаа дээрээс жишимгүй халбагатай тос дусааж сууна. Бас Оюутолгойн ногдол ашгаар ДЦС барьж, тэтгэвэр нэмснээр ард бидний амьдрал дээшлэх юм байх аа. Л.Оюун-Эрдэнийн Засаглалын баахан мега хулгайн үр дагавар болсон 10 аймгийн Дулааны станцын хэргээр хэдэн аймгийн засаг дарга нар шорон, шүүхийн хаалга онголзуулж яваа. Татвар бууруулна гэж чихэн дээр цэцэг ургуулсан Н.Учралын “Татварын хуулийн өөрчлөлт” 2027 оны Нэгдүгээр сараас хэрэгжинэ. Хэрэгжинэ ч гэж дээ, иргэний нуруунаас ачаа хөнгөлж болох томоохон татварын бууруулсан дүнгүүд “ажлын хэсгүүд” дамжих үедээ нэг, нэг заалтаараа алга болж, танигдахын эцэсгүй хуулийн төсөл болж, эцэстээ “татвар бууруулах” зорилготой хууль маань үнэндээ “түр аргацаах” бичиг болж, батлагдав. Нөгөө иргэн Үл хөдлөх борлуулахдаа улсад тушаадаг 2 хувийн татвар мөн л 2 жилийн дараа хэрэгжинэ. Уг нь бараг маргаашнаас хэрэгжүүлнэ гэж хуульчид нь тайлбарлаж, попорч байв. МАН ингэж л ажиллаж ирсэн, зангаа тавьдаггүй хулхины бүлэглэл.

Автомашины татвар, улсын дугаарын үнэ нэмсэн нь

МАН засаглахдаа хотын дарга нараа ээлжилж залгидаг уламжлалтай болсон. Үүний жишээ бол хэдхэн сарын өмнө Улаанбаатар хотоор хөндлөн гулд хэрэн алхсан саарал хүрэмтэй мээр байв. Хавьтсан бүхэнтэйгээ хэрэлдэж, хол ойрын бүхий л асуудалд сүржигнэж гүйдэг Х.Нямбаатарын баг Автомашины татварыг 70 хувьд “солиортол” нэмж орхисон. Үүнийгээ “Хотын зам арчилгаанд мөнгө олддоггүй” гэж тайлбарласан бол шинээр гарч ирсэн Ерөнхий сайд Н.Учрал өөрийн томилгооны дуулгавартай хотын даргаараа “Судалж байна, тооцоолол хийлгэж” байгаа гэснээс өөр зүйл яриулж чадахаа больж. “МАН нэмсэн татвараа буцаадаггүй, талхны үнэ өссөн бол буудаггүй, бензины үнэ дээшээ явна уу гэхээс доошилсон түүхгүй” гэсэн сонгодог парадокс эдний намын Засаглалын бүх жилүүдэд үйлчилдэг.

Хөдөө орон нутгийн зах, гудамжаар сонгуулийн амлалт шиг амандаа орсноо ярьж, хэсч яваа Ерөнхий сайд аа, ирж ажлаа хий. Аж ахуй нэгжүүдийг сөхрүүлж, ард түмнийг туйлдуулж байгаа 10 төрлийн хорт татвараа бодитой бууруул. Хууль батлуулах нэрээр хэрэгжих хугацаан дээр “тоглохоо” боль. Өмнөх Засгийн газрын оруулж ирсэн төсвөөс 10 их наядаар алдагдалтай төсвөө батлуулах гэж чичирч гүйхээ боль. Иргэдийнхээ хоосорч, цоорсон халаасыг дахиж тэмтэрч байгаа Н.Учралын Засгийн газар иргэд биднийг ирэх нэг жилд “Та нар “МАН”-ай намд 40 их наяд төгрөгийн татвар бүрдүүлж өгнө шүү гэж боловсон дарамтлахаа зогсоо.

Инфляци чинь хөрсөн дээр 13 боловч бодит агаарт, амьдрал дээр 19,20 хувьд хүрлээ. Зуун мянган төгрөг зургаан жилийн өмнөхөөс 20 мянган төгрөгийн л бодит дефакто үйлчлэлтэй байна.

Т.Бат

ӨБХ | Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах хуулийн төслийн талаар хэлэлцэнэ
ӨБХ | Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах хуулийн төслийн талаар хэлэлцэнэ
 
“Шинжлэх ухааны хамгийн инээдтэй” шагналын эзэд тодорлоо
“Шинжлэх ухааны хамгийн инээдтэй” шагналын эзэд тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.