
Монгол Улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг уул уурхай, үүний 43 хувийг зөвхөн нүүрсний салбар бүрдүүлдэг. Нүүрс нь гадаад валютын орох урсгалыг хангаж, төсвийн орлогыг бүрдүүлэхээс гадна тээвэр, үйлчилгээний салбар, ажил эрхлэлтэд шууд нөлөөлсөөр байна. Товчхондоо, нүүрсний салбарын гүйцэтгэл Монголын эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж байгаа гэсэн үг.
Нүүрсний экспортын нийт хэмжээ 2024 онд 83.8 сая тонн байсан бол 2025 онд 90.0 сая тоннд хүрч, Засгийн газрын жилийн зорилтот 85 сая тонныг давж байсан түүхэн үзүүлэлттэй байдаг. Харин Монгол Улсын Засгийн газар 2026 онд 90 сая тонн нүүрсийг дунджаар 70 ам.долларын үнээр экспортолж, 6.3 тэрбум ам.долларын орлого олно гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас тооцож байсан удаатай.
Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны эхний таван сарын байдлаар “Нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрлээ” гэж Ерөнхий сайд Н.Учрал тавдугаар сард чуулганы үеэр мэдэгдэж байлаа.
Ийнхүү оны хагас хүртэл өдөрт 1500 нүүрс тээвэрлэгч машин хилийн боомтоор гардаг байсан бол өнөөдрийн байдлаар 500 нүүрс тээвэрлэгч машин хилээр гарч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарын дураар авирлалтын хор уршиг юунд хүргэв
Үүний учир шалтгааныг Газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд халдсан Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нараас шууд хамааралтайг Хятад талаас илэрхийлсээр байгаа аж.
Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн байдаг. Тухайн үед Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.
Мөн уг үйл явдалтай холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли “Энэхүү хэрэг явдал Монголд төдийгүй Хятадад нэлээд шүүмжлэл, цуурай дагуулсныг дурдаад, Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглах болно” гэдгээ илэрхийлсэн.
Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага \ШХАБ\ Төрийн тэргүүн нарын хурлаар хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзсан бөгөөд Ши Жиньпин Монголын тал Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг бодитоор хамгаалахыг хүссэн.
Ийнхүү нэр төдий тэмцэгч нарын уг үйлдэл нь эцэстээ Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа юм. Товчхондоо уг хэрэг явдалтай холбогдуулан Хятад Монголоос нүүрс нийлүүлэх тоо эрс багасаж өдөрт 1500-аараа хил давдаг нүүрсний машинууд 500 болж буурсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын нүүрс экспортыг 90 сая тоннд хүргэх төсөөлөл замхрахад хүрч буй. Ингэж ганц хоёр хүний буруу үг үйлдлийн уршиг эдийн засгийн нөхцөл байдалд хүртэл нөлөөлж байгаа атал төр хайхрамжгүй байсаар. Иймээс төр засаг уг хэрэг гэлтгүй “элдэв” тэмцэгч гэх хүмүүст анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.