
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэдэд тэгш хүртээх, Үндэсний баялгийн сангийн төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, Сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, тайлан ба хяналтын тогтолцоог бий болгох гэсэн сүр, бараатай хуулийн зохицуулалттай Үндэсний баялгийн сан одоогийн Засгийн газрын бодлогоос арчигджээ. Уг нь 2024 оны 4-р сарын 19-нд батлагдсан эл хуулийн хэрэгжилт одоо хэрхэх вэ?
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас санаачилж, УИХ-д өргөн барьсан уг хууль нь стратегийн орд бүхий газрын баялгийг эзэмшигч төрийн ба хувийн хэвшлийн компаниудаас 30 хүртлэх хувийг олон нийтэд эзэмшүүлэх, үр ашиг хүртээх тогтолцоотой байсан. Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Н.Учралын “Есөн шийдвэр” болон “Чөлөөлье” аяны хүрээнд өмнөх Засгийн газрын бодлогыг соёлтойгоор алгассан бололтой.
Иргэдийн “И-Монголиа” мэдээллийн санд байсан “Үндэсний баялгийн сан”, “Чингис хаан сан” дахь нэрийн дансанд хуваарилагдсан ирээдүйд хуваарилах стратегийн ордуудын ашгийн хувь хүртээсэн мэдээлэл ч чимээгүй алга болов. Уг нь "Оюутолгой", "Тавантолгой", "Ачит Ихт", "Эрдэнэт" зэрэг стратегийн ордуудаас иргэдэд тэгш хувь хүртээх консепц бүхий Баялгийн сангийн тухай хууль МАН-ын засаг солигдсон чимээнээр нүд аньж буй бололтой.
Харин одоогийн Ерөнхий сайд Н.Учрал “Бид Оюутолгойгоос анх удаа ногдол ашиг авах гэж байна. Уг нь 2036 онд анхны ногдол ашиг яригдаж байсан ч бид наашлуулж ирэх жил авах хэлэлцээр хийлээ. Оюутолгойгоос орж ирэх ашгийг иргэдийн дансанд байршуулж зарцуулалтыг Засгийн газар хариуцна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Ингэснээр нэг намын хоёр залуу Ерөнхий сайдын стратегийн ордуудын талаарх байр суурь, бодлого зарчим зөрчилдөж байна.
Б.Өгөдэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.