Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг наймдугаар сарын 31-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Өргөн барьсан Монгол Улсын 2027 оны төсөвд 41 их наяд төгрөг байхаар Н.Учралын Засгийн газар тооцсон байдаг. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр Ардчилсан нам 2027 оны төсвийн талаар мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлдээ “ 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсийг өнөөдөр 81 мянган төгрөгөөр авч байна. 2027 төсөв бол Ерөнхий сайд Н.Учралын есөн шид нь бүрдсэн төсөв байна” гэв.
Ийнхүү Ерөнхий сайд 2027 оны төсвөө мэдүүлэхдээ Засгийн газрын есөн шийдвэр гэдэг “сүржин” нэртэй мэдэгдэл хийж танилцуулсан. Гэтэл өнөөдөр 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Боловсролын ерөнхий газраас “Ерөнхий боловсролын сургуулийн I ангийн сурагчийн ном, багшийн ном, дасгал ажлын дэвтрийн эх зохиох, хэвлэх, түгээх” тендер зарлагдсан байгаа юм.
Тус тендер нь нийт 3.8 тэрбум төгрөг бөгөөд 1-12 дугаар ангийн сурах бичгийг шинээр хэвлэх, мөн дахин хэвлэх зардал тусгагджээ. Дахин хэвлүүлэх сурах бичигт Математик, Монгол хэл, Нийгмийн ухаан, Казак хэл хөрвүүлэг, Тува хэл, Дохионы хэл зэрэг сурах бичиг багтсан байна. Суралцагчийн ном 75000 ширхэгээр тооцож тендерийн баримт бичигт заасан бол багшийн номыг 2500 ширхэгээр тус тус багцалсан байна.
Ерөнхий боловсролын сургуулиуд есдүгээр сарын 1-ээс бүх нийтээр хичээллэж эхэлсэн. Гэтэл хичээлийн хамгийн том хэрэглэгдэхүүн болох сурах бичгийн тендерийг дөнгөж одоо л зарлаж байгаа нь боловсролын байгууллагууд, төрийн байгууллагууд ямар их хүнд суртал удаашралтайгаар ажиллаж байгааг харуулж буйн илрэл.
Энэхүү тендер нь наймдугаар сарын 26-ны өдөр зарлагдаж, есдүгээр сарын 9-ны өдөр нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд нээлт хийснээс хойш ажлын 15 хоногт тендерт шалгарсан байгууллагатай гэрээ хийх тухай хуульд заасан байдаг. Энэхүү процессийг дүгнэхэд суралцагчид аравдугаар сар бүр цаашилбал арван нэгдүгээр сараас нааш сурах бичгийн бараа харахгүй нээ.
Мөн Ардчилсан намын олон нийттэй харилцах нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Өнөөдөр Засгийн газар есөн шийдвэртээ кэмбрижийн бодлоготой хоёр сургуулийг барьж байгуулна гэсэн. Гэтэл наймдугаар сарын 26-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчийн сурах бичиг, багшийн номын тендер зарлагдсан байна. Өнөөдөр тэгэхээр нэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичиггүй, багш нь номгүй байгаа юм байна” гэлээ.
Л.Энх-Амгалан Боловсролын сайд аа Есдүгээр сарын 1-нд 57-р сургуулийн сурагчидтай уулзахдаа сурах бичгээр нь ч хангаагүй байж, “попролт” хийж явсан гэж үү. Монгол Улс хэзээ аливаа ажлыг цагийг нь тулгаж хийдгээ болих вэ?. Боловсролын яамныхан зуны гурван сар юу хийсэн болоод ийнхүү хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн сурах бичгийн тендер зарлаж суугаа нь сонирхолтой.
Б.Ами




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.