Г.ЗАНДАНШАТАР: Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй, чөлөөт хэвлэл мэдээлэл бол Монголын сайн сайхны баталгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.ЗАНДАНШАТАР: Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй, чөлөөт хэвлэл мэдээлэл бол Монголын сайн сайхны баталгаа

/2024.05.03/: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан гаргасан УИХ-ын даргын илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн хараат бус байдлыг сахин хамгаалах асуудлыг хөндөж ярилцдаг. Ил тод, хариуцлагатай засаглал, ардчиллыг төлөвшүүлэхэд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр өссөөр байна.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж буй тогтолцооны шинэчлэл, шударга ёс, хуулийн засаглал, эрүүл нийгэм, хөгжлийн эдийн засгийн төлөөх Цэгцрэх хөдөлгөөнийг дэмжин түших бат багана, идэвхжүүлэн хошуучлах нэг хөшүүрэг нь хэвлэл мэдээлэл болж байгаад Эрхэм сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэхээ тунхагласан хэдий ч элдэв цензур, дарамт, сэтгүүлчдийг хорих, хүчирхийлэх зэрэг эрсдэлүүд оршсоор байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2023 оны индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 88-д бичигдэж, 2022 оныхоос 2 байр ахиж, 2021 оныхоос 20 байр ухарчээ.

Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг нийт нийгмийн үнэ цэн болгох үйл явц манай улсад дунджаас доогуур түвшинд, олигтой ахиц гарахгүй байгааг харуулсан үзүүлэлт мөн. Тиймээс энэ чиглэлээр бодлого боловсруулагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг тууштай дэмжих нь нэн чухал гэж УИХ үзэж байна.

Манай парламент цахим шилжилт хийж, хууль тогтоох үйл ажиллагаандаа олон нийтийн, түүний дотор хэвлэлийнхний оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа. Парламентын хяналт шалгалтын чиг үүрэг шинэ шатанд гарснаар хяналтын тогтолцоо ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоонд тулгуурлах болсон нь чухал дэвшил юм.

2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Дэлхийн төлөөх хэвлэл: Байгаль орчны хямралын эсрэг сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Дулаарал, цөлжилт, байгаль орчны доройтол, ган зуд гээд гамшигт үзэгдэл Монгол Улсын хувьд санаа зовнисон асуудал хэвээр байна.

Дэлхийн улс орнуудын эрүүл, аюулгүй орчны байдлыг илэрхийлдэг Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индексээр Монгол Улс 2022 онд дэлхийн 180 орноос 155-д эрэмбэлэгджээ. Үүн дотроо агаарын чанараар 172-д, хүхрийн давхар ислийн ялгаралтаар 176-д, тоосонцрын нөлөөгөөр 173-т, эрүүл байгалийн үзүүлэлтээр 141-д жагссан нь түгшүүр төрүүлсэн асуудал мөн.

Түүнчлэн баялгийн хулгай, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих явдал байсаар байна. Тиймээс УИХ-аас саяхан баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтэд хэвлэлийн хяналт тавих, орчны бохирдлын эсрэг аливаа үйлдлийг илчлэн тэмцэх, онгон байгалийн эрүүл саруул байдлыг сахин хамгаалахын төлөө Та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бид бэлэн байна.

Эрхэм сэтгүүлчид ээ,

Хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй, чөлөөт хэвлэл мэдээлэл бол Монголын сайн сайхны баталгаа, үнэт баялаг мөн бөгөөд түүнийг эрхэмлэн нандигнах нь сэтгүүлчдийн төдийгүй, Монгол Улсын язгуур эрх ашигт бүрнээ нийцнэ.

Орчин үеийн нийгэмд иргэд нь мэдээллийн боловсролтой, сэтгүүлчид нь мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй байвал хэвлэл мэдээлэл сая дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж чадна.

Тиймээс үнэн зөв, баталгаатай мэдээлэл, хараат бус байдал, ёс зүй, үүрэг хариуцлагаа эрхэмлэн дээдэлж, Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчлэхийн төлөө үг өгүүлбэр, үзэл бодол, нийтлэл нэвтрүүлгээ чиглүүлэхийг Та бүхэндээ хандан уриалъя.

Монгол Улсын Их Хурлын дарга

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тарьжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тарьжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.