/2024.05.03/: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Байнгын хорооны хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллаж, хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хийв. Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, үг хэлэв.
Байнгын хорооны хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу Ажлын хэсгээс ирүүлсэн саналыг танилцуулж, саналын томьёолол тус бүрээр санал хураав.
Эхний санал нь хуулийн төслийн 12 дугаар зүйлийн 12.1-д “эрхэлсэн” гэснийг “хариуцсан” гэж, тохиолдол бүрд нийцүүлэн өөрчлөх, 12.4-д “нөхцөл” гэсний дараа “системийн мэдээллийг бүрдүүлэх этгээдэд тавих шалгуур” гэж нэмж, 12.9-д “төрөөс” гэснийг болон 12.10 дахь хэсгийг хасаж, 12.8-д “Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллага нь Оюуны өмчийн тухай хуулийн 17.2-т заасан объектын төрөл тус бүрийн зохиогчийн эрх эзэмшигчийн олонхыг нэгтгэсэн байна.” гэж нэмэхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжлээ.
Харин хоёр дахь санал буюу хуулийн төслийн 12.9-д “бүтээгдэхүүний зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчийн чиглэлээр” гэснийг “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага” нь гэж өөрчилж, 12.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа 12.6-д ”Энэ хуулийн 12.3-д заасан систем хөгжүүлэлтийг гүйцэтгэх этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулна.”, 12.7-д ”Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах, тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх чиг үүргийг хамтын удирдлагын байгууллага эсхүл энэ хуулийн 7.4-д заасан үндсэн чиглэл тус бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоо гүйцэтгэж болно. Холбогдох этгээдийг энэ хуулийн 12.4-д заасан шалгуурын дагуу сонгох, санхүүжүүлэх, хяналт тавих чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжлээ.
Ийнхүү Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг томилсноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Эх сурвалж: УИХ